Tuesday, March 4, 2014

Knee osteoarthritis - Өвдөгний остеоартрит

Сайн байцгаана уу?

Өвдөгний остеоартритын талаар бичихээр шийдлээ. Ерөнхийдөө өвдөгний остеоартрит нь нас ахимаг хүмүүст тохиолддог, үений сөнөрлийн үйл явцаар үүсдэг эмгэг юм. Ямар хүмүүс энэ эмгэгээр өвчлөх эрсдэлтэй вэ? Үүнд:
1. Эмэгтэйчүүд
2.  Илүүдэл жин, таргалалт
3.  Үений үрэвсэлт эмгэгээр өвчлөх
4.   Өмнө нь өвдөгний үендээ гэмтэл авч байсан бол
5.   Ажлын шаардлагагаар байнга өвдөг нугалах хөдөлгөөнийг дахин давтан хийдэг бол
6.   Ясны сийрэгжилтэй хэмээн оношлогдож байгаагүй бол
7.   Нас ахихын хэрээр өвчлөх эрсдэл нэмэгдэнэ. (50 нас ба түүнээс дээш)
65-аас дээш насны 3 хүн тутмын нэг нь өвдөгний остеоартрит эмгэгтэй байдаг. Нийт остеоартриттай хүмүүсийн 80%-ийнх нь хөдөлгөөн тодорхой хэмжээнд хязгаарлагдсан, 25% нь өдөр тутмын зарим чухал үйлдлийг гүйцэтгэх чадвараа алдсан байдаг бол 11% бусдын асаргаанд ордог байна. 
Яаж оношлох вэ?
Эхлээд өвдөлтийн онцлогыг харгалзан үзнэ. Амрахаар өвдөлт намдана, хөдлөөд яваад ирэхээр өвдөлт ихэснэ. Өглөөний хөшингө илрэх ба хөдлөөд дээд тал нь 30 минут болсны дараа үений хөшингө байдал арилна. Нэмээд өвдөг дуугарах, хавдах, доголох шинжүүд илэрч болно. 
Хүнд шатандаа ороод ирэхээр хөлний хэлбэр өөрчлөгдөж майга болох хандлагатай. Хамгийн элбэг тохиолддог хэлбэр нь өвдөгний үений дотор талын зай нарийссан хэлбэр учраас майга болдог. Хэрвээ үений гадна талын зай нарийсвал эсрэгээр X хөлтэй болно. Гэхдээ энэ нь маш ховор тохиолдол юм. Үндсэндээ энэ өвчин үүсээд байгаа шалтгаан, эмгэг жамыг тайлбарлах гээд үзвэл 1-т) хувь хүний биеийн онцлог, ажил мэргэжлийн онцлог, хөдөлгөөний онцлогоос шалтгаалсан механик хүчин зүйлсийн оролцоо, 2-т ) бүтцийн буюу үений мөгөөрсний сөнөрөлт үйл явц, эсийн үхэл, синоваль мембраны үрэвсэл гэх мэт биологийн хүчин зүйлс , 3-т) генийн шалтгаан болох аспорин уураг ази хүмүүст илүү байдаг нь ази хүмүүс өвдөгний остеоартритаар өвчлөх эрсдэл европтой харьцуулахад 2 дахин их байдаг байна.
Ялган оношлогооны тал дээр хэлэх үг байна уу? , байнаа...
Өвдөгний зөөлөн эдүүдтэй холбоотой үүссэн үрэвслээс ялгах хэрэгтэй. Мөн бусад төрлийн артритуудаас ялгана. Дараа нь дамжсан өвдөлт байж магад гэж сэжиглэвэл нурууны мэдрэлийн ёзоор дарагдлаас, мэдрэлийн бусад эмгэгээс ялгана. Ховор тохиолдолд хавдраас, өвдөгний үений үхжлээс, тойг гуяны өвдөлтийн хам шинжээс ялган оношлох шаардлагатай. Гол нь оношыг эмнэл зүй хийгээд рентген зураг дээр үндэслэн батлах ёстой. Рентген зурган дээрээс 5 өөрчлөлтийг олж харах боломжтой. Үүнд: үений гадаргуу тэгшрэх, үе хоорондын зай багасах буюу нарийсах, ясны сэртэн ургацаг бий болох, үений мөгөөрсөн доорх яс хатуурах буюу склероз болох, ясан дотор cyst үүсэх тус тус багтана. Рентген зургыг хэвтүүлж байгаад эгц урдаас, өвдсөн хөл дээр нь зогсоож байгаад эгц урд болон хажуу талаас нь, хэвтүүлээд өвдгөөр 30 хэм нугалуулж авах (тойг гуяны ясны хоорондын зай хэр зэрэг багасаж байна вэ гэдгийг харахын тулд) аргуудыг ашиглана. Онош батлах шалгуур шинжүүдийг тоочвол:
А. Эмнэл зүйн шалгуур
1. 50 ба түүнээс дээш нас
2.  Өвдөгний яс том байх
3.  Өвдөгний томорсон ясыг тэмтрэхэд хөндүүр байх
4.  Өвдөг дуугарах
5.  Тэмтрэхэд халуун бус байх (үрэвслийн цочмог шинжгүй)
6.  Үений хөшингө 30 минутын дотор арилдаг байх
Б.  Лабораторийн шинжилгээний шалгуур
1.  Эритроцитийн тунах хурд - (COЭ, ESR) 40 мм/цаг -аас бага байх
2.  RF 1:40 -өөс бага байх
3.  Үений шингэнийг шинжлээд үзэхэд тунгалаг цайвар өнгөтэй, цагаан эс 2.00*10-ын 9 зэрэгтээс бага байх / литрт
В. Рентген зурган дээр ясны сэртэнт ургацаг харагдаж байх
За тэгээд эдгээрээс эмнэл зүйн 3 шинж нэмээд өвдөгний өвдөлт илэрч байгаа бол өвдөгний ОА гэсэн оношыг тавьж болно. Мөн өвдөгний өвдөлт дээр нэмээд эмнэл зүйн 5 шинж эсвэл лабораторын 3 шинж илэрвэл онош баталгаажих боломжтой. Хамгийн сүүлийнх нь өвдөлт +ясны сэртэнт ургацаг + лаб, эмнэлзүйн 5 шинж байвал оношыг тавих боломжит хувилбар юм. 
Яаж эмчлэх вэ?
Үенд тариа хийх нь тийм ч үр дүнтэй арга бус зөвхөн түр зуур шинж тэмдгийг арилгах нөлөөтэй. Дааврын бус гаралтай үрэвслийн эсрэг эм нь зөвхөн энэ эмгэгтэй холбоотой үүссэн өвдөлтийг намдаах ач холбогдолтой. Хамгийн чухал нотолгоонд суурилсан анагаах ухаанд батлагдсан үр дүнтэй арга бол дасгал эмчилгээний арга юм. Өвдгийг тойрсон булчингийн хүчийг хөгжүүлэх мөн сунгах дасгалыг тогтмол хийх нь чухал. Ялангуяа өвдөгний дээд талын буюу гуяны урд талын 4 толгойт булчингийн хүчийг сайжруулах хэрэгтэй. Энэ булчингийн хүч сулраад ирэхээр өвдөгний үе тогтвортой бус болно- өвдөгний үе дээр ирэх ачаалал нэмэгдэнэ - үений мөгөөрсөн эд дээр маш их даралт ирнэ - мөгөөрсний сөнөрөлт үйл явц даамжирна- хоорондоо үрэлцэнэ- үений гадаргуу эвдэрнэ- өвчин даамжирна. Одоогоор мөгөөрсний сөнөрөлт үйл явцыг зогсоох эм гараагүй байна. Тийм учраас бид нар өвдөгний үенд нэмэлт ачаалал учруулахаас аль болох зайлсхийхын тулд жингээ хасахын төлөө тэмцэж, 4 толгойт булчингийн дасгалыг тогтмол хийх, үенд контрактур үүсэхээс сэргийлж сунгалтын дасгалыг өглөө оройд хийж занших хэрэгтэй. Эдгээр эмчилгээ үр дүнгээ өгөхгүй 6 сар болон түүнээс дээш удвал үе солиулах мэс заслын аргыг сонгоно. Тэгэхээр янз бүрийн нэмэлт бүтээгдэхүүн битгий хэрэглээрэй. Кальци, гиалуроны хүчил, хондротин сульфат өөр юу юу билээ янз бүрийн бүтээгдэхүүнүүд зах зээл дээр их байдаг. Өвдөг нь өвддөг эмээ өвөө, эгч ах, ээж аавдаа хүмүүс их авч өгдөг бэлэглэдэг. Тэр бүхэн чинь нотолгоонд суурилсан анагаах ухааны хийсэн судалгааны ажлуудаар үр дүнтэй гэж гараагүй шүү. Тэдгээрийг авч өгөхийн оронд гель хэлбэрийн тавхайн гадна талд гутлан дотроо наагаад хэрэглэдэг улавч авч өгч болно, дасгал зааж өгч болно, эсвэл дасгалын хэрэгслүүдээр тусалж дэмжиж болно. Хамгийн сайн эмчилгээ бол өвчтөнд өгөх тухайн өвчнийх нь талаарх үнэн зөв бодит ойлгомжтой мэдээлэл буюу боловсрол олгох сургалтын арга гэдгийг та бүхэн дахин нэг тунгаан бодоорой. 
Арай л урт болчихов уу хэхэ. За баярлалаа.

No comments:

Post a Comment