Monday, October 15, 2012

ICF- Олон Улсын Үйл Ажиллагааны Ангилал 2



Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад хэдийнээ танил хэрэглээ болсон Олон Улсын Үйл Ажиллагааны Ангилал буюу ICF (International Classification of Functioning, Disability and Health) нь Монгол Улсад төдийгүй хөгжиж буй ихэнх улс оронд төдийлөн сайн танигдаагүй байгаа байдалтай байна. Бид энэ өгүүлэлд Олон Улсын Үйл Ажиллагааны Ангилал (хойшид ОУҮАА гэх) -ын талаар дэлгэрэнгүй танилцуулж, монголын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хөрсөнд зөв хэвшүүлэн буулгах, ялангуяа сэргээн засалч эмч мэргэжилтнүүдийн өдөр тутмын эмнэлзүйн практикт үр дүнтэй хэрэглэхэд нь шаардлагатай үндсэн мэдлэг болохуйц мэдээллүүдийг багтаан орууллаа.
Манай Улсад Олон Улсын Өвчний 10-р ангиллыг (International Statistical Classification of Deseases and Related Health Problems. Tenth Revision, товч нэршил: ICD-10) хэрэглэж хэвшээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Гэвч дан ганц өвчний оношийн ангиллаар бүгдийг шийдэх боломжгүй юм. Жишээлбэл: зөвхөн онош дээр тулгуурлаж эмчилгээ үйлчилгээний төлөвлөгөөг зохиох, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хоногыг тогтоох, асаргаа сувилгааны түвшинг тодорхойлох, үйл ажиллагааны хувьд тавилан ямар байхыг урьдчилан хэлэх боломжгүй. Цаашилбал тухайн хүн маань хэзээ эргэж ажилдаа орж болох вэ, нийгмийн амьдралд яаж хэрхэн оролцох вэ, чадвар алдалтын үр нөлөөг хэрхэн хэмжих вэ зэрэг асуултын хариу нэхэгдэж байна. Энэ бүгдээс харахад дан ганц өвчний оношын ангиллаар эрүүл мэндтэй холбоотой төлөвлөгөөг боловсруулах, менежментийг хийх боломжгүй юм.
Орчин үед цочмог өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэдээс илүүтэй архаг өвчнөөр шаналж буй хүмүүст урт удаан хугацааны нийгэмд тулгуурласан эмчилгээ явуулах бодлого анхаарал татсан асуудал болж байна. Бидэнд үйл ажиллагаа, чадвар алдалтын түвшний талаарх мэдээлэл дутагдаж байна. Нийгмийн эрүүл мэндийн зорилгоор ашиглаж болох мэдээллийн санг бий болгох шаардлага зүй ёсоор тулгарч байна. Нийгмийн талд ажиллаж байгаа шийдвэр гаргах түвшний бодлого тодорхойлогч нарын хувьд нийт хүн амын дундах чадвар алдалтын тохиолдол болон хүндрэлийн тоог бууруулах, хувь хүний үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулахын тулд нийгэм хүрээлэн буй орчны талаас ямар өөрчлөлт, засварыг хийж болох вэ гэдэг тал дээр мэдээллийн сан байхгүйн улмаас удаашралтай хандаж байна. Эдгээр хэрэгцээ шаардлагын улмаас Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын зөвлөмжийн дагуу ЭМЯ-наас Сэргээн Засах Салбар Зөвлөлийн хамт олонд ОУҮАА-ыг Монгол Улсын хөрсөнд суулгах үүрэг даалгаврыг өгсөн болно.
Олон Улсын Үйл Ажиллагааны Ангилал буюу ICF бүтэн нэрээрээ International Classification of Functioning, Disability and Health гэж хэлэгддэг. Үүнийг шууд утгаар нь орчуулбал Үйл Ажиллагаа (Functioning), Чадвар Алдалт (Disability), Эрүүл мэнд (Health) -эд хамааралтай Олон Улсын Ангилал гэсэн үг болох юм. Харин бид Монголын хөрсөнд Олон Улсын Үйл Ажиллагааны Ангилал гэж хөрвүүлэн хэрэглэхээр болж байна. ОУҮАА нь эрүүл мэнд болон эрүүл мэндтэй холбоотой нөхцлийг ангилах зорилготой ангилал юм. Өөрөөр хэлбэл эрүүл мэнд болон эрүүл мэндтэй холбоотой нөхцөл байдлыг тодорхой тогтолцоо болон нэгдсэн нэг стандарт хэлээр тайлбарлаж өгнө гэж ойлгож болно. Эрүүл мэндийн байдал гэдэг нь өвчин эмгэг, улмаар жирэмсэн, хөгшрөлт, стресс гэх мэт нөхцлийг багтаасан хэллэг юм.  Энэ нь эрүүл мэнд болон эрүүл мэндтэй холбоотой хүрээнүүдэд хуваагдана. Эдгээр нь бие махбодийн үйл ажиллагаа болон бүтцэд гарч буй өөрчлөлтийг бидэнд мэдээлэхэд туслах үүрэгтэй оролцоно. Стандарт орчинд юу хийж чадах вэ (чадамжийн түвшин) мөн одоо байгаа орчиндоо юу хийж чадаж байна вэ (гүйцэтгэлийн түвшин) гэдгийг олж харах боломжоор хангаж байдгаараа давуу талтай юм. Хүн биемахбод талаасаа мөн хувь хүн болоод нийгмийн талаас шалтгаалаад 2 үндсэн хүрээнд оршдог. Үүнд:
1)      Биемахбодийн бүтэц ба үйл ажиллагаа
2)      Зорилгот үйл ба нийгмийн оролцоо
Ангилал гэдэг утгаараа ОУҮАА нь хүний тухайн үеийн эрүүл мэндийн нөхцөл байдал (ямарваа нэг эмгэгийн үед тухайн хүн юуг хийж чадах боломжтой вэ, одоо юуг хийж чадаж байна вэ гэдгийг ялгаж өгнө гэсэн үг) хүнд хэрхэн нөлөөлдөг болохыг өөр өөр хүрээнд системтэйгээр ялгаж өгнө. Үйл ажиллагаа гэдэг нь бие махбодийн бүхий л үйлдэл, зорилгот үйл ба нийгмийн оролцоог хамарсан өргөн хүрээтэй ойлголт бөгөөд энэ нь нэг талаар чадвар алдалт гэдэгт  гэмтэл, зорилгот үйлийн болоод нийгмийн оролцооны хязгаарлагдмал байдлыг багтаан оруулж ойлгодогтой төстэй юм. Дээрх нөхцлүүдтэй харилцан үйлчилдэг хүрээлэн байгаа орчны хүчин зүйлсийг ч бас энэхүү ангилалд багтаан оруулсан байгаа. Ингэснээр энэ ангиллыг хэрэглэгчид тухайн хувь хүний үйл ажиллагаа, чадвар алдалт, эрүүл мэндийн байдлыг хэд хэдэн хүрээгээр тэмдэглэн бүртгэх боломжтой болно гэсэн үг юм. Эрүүл мэнд болон чадвар алдалттай холбоотой ойлголтуудыг энэ ангилалд тусгаж өгсөн байгаа. Нэг талаар ОУҮАА нь энгийн нэг эрүүл мэндийн ангилал шиг харагдаж буй боловч нөгөө талаасаа хэд хэдэн зорилгоор ашиглах боломжтой болсон нь сайшаалтай. Ялангуяа шийдвэр гаргах түвшний хэрэглэгчид төлөвлөгөө боловсруулах, хууль дүрэм гаргахдаа энэхүү ангилалыг гол нуруу болгож ашиглахад тохиромжтой. ОУҮАА гэж нэрлэсэн нь учиртай. Ингэснээр чадвар алдалт гэсэн ойлголтыг халж, эрүүл мэнд ба үйл ажиллагаа гэсэн нэр томьёонд нийтийн анхаарлыг хандуулж байна. Өмнө нь хаана эрүүл мэнд дуусна, тэндээс чадвар алдалт эхэлдэг байсан. Өөрөөр хэлбэл чадвар алдалттай хүмүүсийг тусгайлан авч үздэг байсан цаг саяхан билээ. Шинэ ангилал гарснаар бид энэ ойлголтоос салах боломжтой боллоо. ОУҮАА нь ямар учир шалтгаанаар гэмтсэн бэ гэдгийг үл хайхран зүгээр л тухайн хувь хүний үйл ажиллагааг нийгэм дунд орж хэмжих хэрэгсэл болсноороо давуу талтай. Нэг үгээр тодорхойлвол хувьсгал гэж нэрлэж болно. Бид чадвар алдалт гэсэн хэллэгээс ангижирч эрүүл мэндийн түвшин гэдэг ойлголтонд гол анхаарлаа хандуулах цаг ирлээ. Хүн бүр амьдралынхаа явцад тодорхой нэг үед их бага хэмжээгээр чадвар алдалттай нүүр тулгардаг. Тэгэхээр нийт хүн амын цөөхөн хувийг “чадвар алдалттай хүмүүс” гэж тусгаарлах хэрэггүй, бүгд адилхан нэг шугаман дээр зогсож байгаа гэсэн ойлголтыг бий болгож байна.

ОУҮАА нь 2001 оны 5 дугаар сард Женев хотод хуралдсан ДЭМБ-ын 54-р нэгдсэн хуралдаанаар  Олон Улсын Гэмтэл, Чадвар алдалт, Хөгжлийн бэрхшээлийн ангилал (ICIDH)-ын сайжруулж засварласан загвар болж батлагдсан юм. ОУҮАА нь ДЭMБ-ын нэгдсэн удирдлага доор байх Олон Улсын Бүлэг Ангилал  (WHOFIC: WHO Family of International Classification) -ын голлох ангиллын нэг болдог. ДЭMБ-ын зүгээс эрүүл мэндтэй хамааралтай чухал асуудлуудыг үр дүнтэй  шийдвэрлэхийн тулд олон улсад харьцуулалт хийх бололцоотой стандартчилагдсан мэдээллийн санг бий болгож ашиглах явдлыг чухалчлан үздэг. Энэ үүднээс эрүүл мэндийн салбарт хамааралтай ангиллын тогтолцоог бий болгосон бөгөөд энэ нь эрүүл мэндийн аль ч хүрээнд хэрэглэж болох ДЭMБ-ын Олон Улсын Бүлэг Ангилал хэмээн нэрлэгддэг.  ДЭMБ-ын Олон Улсын Бүлэг Ангиллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.who.int/classifications/en/ цахим хуудаснаас үзэх боломжтой. ДЭMБ-ын гаргасан энэ бүлэг ангилал эрүүл мэнд (оношлогоо, үйл ажиллагаа ба чадвар алдалт, эрүүл мэндийн үйлчилгээ авах шалтгаан зэрэг)-ийн талаарх өргөн хүрээний мэдлэг олгох, олон улсын түвшинд хүн амын эрүүл мэндийг тодорхойлох, харьцуулах, дэлхийн аль ч өнцөг буланд буй ямар ч мэргэжлийн, ямар ч шинжлэх ухааны хүмүүс ойлгох боломжтой чухал ач холбогдолтой хэрэгсэл юм.
ОУҮАА-ын  хувьд энэ бүлэг ангилалд Өвчний Олон Улсын 10-р ангилалтай эн зэрэгцэх гол төлөөлөгч нь болдог. Өвчин, эмгэг, гэмтэл гэх мэт эрүүл мэндийн нөхцөл байдлыг ОУ-ын 10-р ангилалаар, эрүүл мэндийн нөхцөл байдалтай холбогдох бие махбодын үйл ажиллагаа, биеийн бүтэц, зорилгот үйл болон нийгмийн оролцоог ОУҮАА-аар ангилах болсон билээ. Түүнчлэн, ОУ-ын Өвчний 10-р ангилал (ICD-10), Олон улсын үйл ажиллагааны ангилал (ICF) нь нэмэлт тайлбартай байх агаад хэрэглэгч нь ДЭMБ-аас гаргасан эдгээр хоёр ангиллыг хамтад нь хэрэглэх, зөвхөн өвчний талаас бус амьдралын үйл ажиллагаа гэсэн өөр өнцгөөс харьцуулан харах нь зохистой. Өвчний олон улсын 10-р ангилал нь өвчин, эмгэг, эрүүл мэндийн байдлыг “онош” талаас нь ангилдаг бол ОУҮАА нь үйл ажиллагаа талаас нь оношыг дэлгэрүүлэн баяжуулж өгдөг байна. Оношоос гадна үйл ажиллагаа талаас ангилсан мэдээлэл нь нийт хүн ам болон тухайн өвчтөнд чиглэсэн зөв шийдвэрийг гаргах бодит үндэслэл болж чадна. Олон улсын өвчний 10-р ангилалд дурдсан нас баралт, ОУҮАА -д дурдсан эрүүл мэндийн үр дагаварыг хүн амын эрүүл мэндийн хяналт, хуваарилалт, нас баралт, өвчлөлтийн янз бүрийн шалтгааныг үнэлж дүгнэх хураангуй хэмжүүр болгох боломжтой. Товчоор хэлэхэд ОУ-ын 10-р ангилал нь үхлийн шалтгааныг ангилдаг бол ОУҮАА нь эрүүл мэндийг ангилдагаараа ялгаатай.
Бидний мэдэх ихэнх ангилалууд статистикийн мэдээлэл цуглуулах, бүртгэл хийх гэсэн үндсэн зорилгоор анх зохиогдсон байдаг. Ялангуяа олон улсын ангилал гэвэл улс орнуудын статистик бүртгэлийг олон улсын хэмжээнд харьцуулах зорилго нь чухлаар ойлгогддог асуудал бий. Өвчний Олон Улсын Ангилалын хувьд яах аргагүй ийм зорилгоор эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл мөн л энэ зорилгоор хэрэглэгдэж байгаа ангилал юм. ОУҮАА-ын өмнөх загвар болох Олон Улсын Гэмтэл, Чадвар алдалт, Хөгжлийн бэрхшээлийн ангилал (ICIDH: International Classification of Impairments, Disabilities Handicaps, 1980 он) ч мөн энэ зорилгоор хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд хэрэглэгдэх явцад хүрээ нь өргөжиж, үүний дараагын загвар болох ОУҮАА-ын хувьд статистикийн гэхээсээ илүү бусад зорилгоор түлхүү хэрэглэгдэх болсон байна.  Эдгээр зорилго дотор хамгийн чухал бөгөөд өргөн хүрээтэй хэрэглэгддэг нь  үйлчилгээ үзүүлэгч нэгжүүдэд хэрэглэх явдал гэж үздэг. Үйлчилгээ үзүүлэгч нэгж байгууллагуудад (үүнд: эрүүл мэнд, нийгмийн салбарын ажилтнууд, судлаачид, бодлого тодорхойлогчид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй харьцдаг төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэгч нэгжүүд) хэрэглэхэд хамгийн чухал асуудал нь ОУҮАА-ыг  “Хүний амьдрах үйл явцын  ерөнхий дүр төрхийн талаарх нийтлэг хэл” гэж ойлгох  явдал юм. Өөрөөр хэлбэл эхлээд өөрөө тухайн хувь хүний амьдралыг бүхэлд нь ойлгохын тулд, тэгээд цааш нь бусдад үнэн зөв дамжуулж ойлгуулахын тулд хэрэглэнэ гэсэн үг билээ. Дээр дурдсан “ Хүний амьдрах үйл явцын  ерөнхий дүр төрх “  болон “нийтлэг хэл” гэж юу вэ гэдэг талаар дараагийн хэсэгт дэлгэрэнгүй тайлбарлах болно. ОУҮАА-г хэрэглэсэнээр дээрх үйлчилгээ үзүүлэгч нэгж байгууллагууд эрүүл мэндийн байдал болон эрүүл мэндтэй холбоотой байдлын талаар нэгдсэн нэг үг хэллэгээр харьцаж үйл ажиллагаагаа явуулах, эрүүл мэнд болон эрүүл мэндтэй холбоотой зорилго, нөлөөлөх хүчин зүйлс, нөхцлийг ойлгоход дөхөм болох шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээр хангагдах, олон улсад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд өөр хоорондын мэдээллийн санг харьцуулан үзүүлэх боломжтой болно. Түүнээс гадна  статистикийн зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүн амын судалгаа, менежментийн мэдээллийн тогтолцоонд мэдээлэл цуглуулж бүртгэл хийх, судалгааны зорилгоор үр дүн, амьдралын чанар, хүрээлэн буй орчны хүчин зүйлийг хэмжих, эмнэлгийн тусламж үйлчилгээнд эмчилгээний хэрэгцээ шаардлагыг үнэлэх, өвчтөний үнэлгээ, сэргээн засалтын үр дүнг үнэлэх, нийгмийн бодлогын хэрэгсэл болгож нийгмийн аюулгүй байдлын төлөвлөлт, нөхөн олговор, бодлого боловсруулалт болон түүний хэрэгжүүлэлт, боловсрол олгох хэрэгсэл болгож  сургалт зохион байгуулах, олон нийтийн ухамсар, мэдлэгийг дээшлүүлэх зэрэг зорилгоор хэрэглэх боломжтой.  
ОУҮАА  нь үндсэндээ эрүүл мэндийн салбар болон эрүүл мэндтэй холбоотой салбарын ангилал  боловч бодит амьдрал дээр даатгал, нийгмийн аюулгүй байдал, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эдийн засаг, нийгмийн бодлого, хууль эрхийн баримт бичиг гаргах, хүрээлэн буй орчны өөрчлөлт хийх зэрэгт ашиглагдах боломжтой. Энэхүү ангиллыг НҮБ-ын нийгмийн ангиллын нэг хэмээн хүлээн зөвшөөрдөг төдийгүй чадвар алдалттай хүмүүсийн тэгш эрх, боломжын стандарт журамд нийцүүлэн нэгтгэн гаргасан учраас ОУҮАА нь олон улсын хүний эрхийг хамгаалах хүсэл шаардлаганд нийцэхээс гадна хууль эрх зүйн тогтолцоонд ашиглахад нэн тохиромжтой хэрэгсэл болж байгаа юм. ОУҮАА нь өргөн хүрээгээр ашиглах боломжтой ангилал юм. Жишээ нь: орон нутгийн, улс орны, олон улсын түвшин дэх хүн амын судалгаа, нийгмийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлагыг үнэлэх зэрэгт хэрэглэнэ.  Түүнчлэн, энэхүү ангилал нь хүмүүст нийгмийн саад бэрхшээлийг бууруулах, арилгах, нийгмийн дэмжлэг туслалцааг авах, зохицуулагчаар оролцох замаар эрүүл мэнддээ анхаарч,  урьдчилан сэргийлэх, сайжруулах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд шаардлагатай мэдээллийг агуулсан үндсэн суурь ойлголтыг өгнө. Мөн эрүүл мэндийн тогтолцооны бодлого боловсруулах, үнэлэх судалгааны ач холбогдол бүхий хэрэгсэл юм.

 Энэ нь тус ангилалын бүрэлдэхүүн хэсгүүдийн хоорондох харилцан хамаарлыг ойлгоход дөхөм болдог. Зургийн төв хэсэгт Биеийн бүтэц, Үйл ажиллагаа 」「Зорилгот үйл」「Нийгмийн оролцоогэсэн 3 ойлголт зэрэгцэж байрласан байна. Эдгээр 3-ыг бүхэлд нь хамарсан ойлголт нь Үйл Ажиллагаа(амьдралын) юм. Амьдралын Үйл Ажиллагаа гэдэг нь “ Хүний амьдрах үйл явц” -ыг  бүхэлд нь илэрхийлэх зүйл бөгөөдБиеийн бүтэц, Үйл ажиллагаа 」「Зорилгот үйл」「Нийгмийн оролцоогэсэн 3 ойлголт нь хүний амьдралын Үйл Ажиллагаа-ны 3 түвшинг илэрхийлж байгаа юм. Өөрөөр хэлбэл Бие организмын түвшин」「Хувь хүний түвшин」「Нийгмийн түвшин-г тус бүрдээ илэрхийлж байна гэж ойлгож болно. Энэ 3 түвшинд хүний амьдрах үйл явцыг нэгдсэн байдлаар ойлгож авч үзнэ гэсэн үг. Бодит байдал дээр “Хүний амьдрах үйл явц” гэдэг нь маш ээдрээтэй нийлмэл үйл байдаг. Үүнийг маш товч тодорхой эмх цэгцтэй болгож өгч байгаа нь ОУҮАА юм. Хамгийн багаар бодоход зөвхөн эдгээр өнцгөөс асуудлыг харж ойлгож чадах юм бол “Хүний амьдрах” үйл явцыг бүхэлд харж ойлгох боломжтой болно гэдгийг бидэнд хэлж өгч байна. “Амьдралын Үйл Ажиллагаа”-г ойлгохын тулд “үйл ажиллагаа-ны Биемахбодын үйл ажиллагаа 」「Зорилгот үйл」「Нийгмийн оролцоо-ны 3 түвшингийн аль нэг рүү нь хэлтийж хазайлгүй бүхэлд нь тэнцвэртэй байдлаар ойлгох шаардлагатай байдаг. ОУҮАА нь Эмчилгээний болон Нийгмийн загварыг нэгтгэсэн “Нэгдмэл Загвар” буюу “Био-Сэтгэц-Нийгмийн Загвар” юм.
1. “Эмчилгээний загвар”-аар  чадвар алдалтыг эмчийн  үзлэгээр эмчилгээ, сувилгаа шаардлагатай болох нь тогтоогдсон өвчин эмгэг, гэмтэл бэртэл, эрүүл мэндийн бусад шалтгаантай хувь хүнд тохиолдох бэрхшээл гэж тодорхойлно. Чадвар алдалтын менежмент нь чадвар алдалтыг бүрэн эмчлэн эдгэрүүлэх эсвэл өвчтний сэтгэл зүйтэй ажиллан дасан зохицох, хүлээн зөвшөөрөх төлвийг бүрдүүлэх гэсэн 2 үндсэн зорилготой.  Эмчлэн эдгэрүүлэх асуудал чухал боловч улс төрийн үүднээс авч үзвэл эрүүл мэндийн салбарт энэ тал дээр шинэчлэл хийж, дүрэм журам батлах нь түүнээс дутахгүй чухал ач холбогдолтой.
2. “Нийгмийн загвар”-ын хувьд тухайн чадвар алдалттай хувь хүн нийгмийн амьдралд оролцоход нийгэм талаасаа ямар саад бэрхшээл тулгарч байгааг гол асуудал болгон авч үзсэн. Чадвар алдалт гэдэг нь зөвхөн хувь хүнээс шалтгаалдаг нөхцөл байдал биш. Үүнийг бүрдүүлж байгаа олон хэсгүүдийн нэг нь нийгмийн орчин юм. Тиймээс менежментийн нэг хэсэг нь нийгэм талаас хийгдэх идэвхитэй үйлдэл болж байна. Нийгмийн амьдралд идэвхитэйгээр оролцох бүх талыг хангахын тулд чадвар алдалттай хүмүүст зориулсан өөрчлөлтийг тал бүрт хийж байх нь зөв. Түүнчлэн, нийгмийн хандлага, үзэл санааг өөрчлөхийн тулд улс төрийн түвшинд хүний эрх гэдэг асуудлыг авч үзэх хэрэгтэй. ОУҮАА нь ийнхүү эсрэг тэсрэг талуудын загварыг нэгтгэж “Нэгдмэл Загвар” болж өгснөөрөө хувь хүний “ Үйл Ажиллагаа”-г Бие-Сэтгэц-Нийгмийн талуудыг хамарсан бүрдэл хэлбэрээр авч үзэж байгаа юм.
“Нийтлэг хэл” болох талаар: Үүнийг тайлбарлахад үйл ажиллагааны ангилал гэхээсээ илүүтэй амьдралын үйл ажиллагааны загвар гэж ойлгох асуудал чухал. “Нийтлэг хэл” гэдэг нь тухайн асуудлын талаар нэгдсэн нэг ойлголттой байхыг хэлж буй бөгөөд өөрөөр хэлбэл “Хүний амьдрах” үйл явцыг бүхэлд нь хамруулсан нэгдсэн цогц байдлаар авч үзэх үзэл, ойлголт нь бүгд адил нийтлэг байна гэж ойлгож болно. Хэдийгээр ийм “Нийтлэг хэл” маш чухал гэдгийг ойлгодог боловч харамсалтай нь хөгжлийн бэрхшээлтэй хүн эсвэл өвчтөн, тэдний гэр бүл болон эмч, эмнэлгийн бусад мэргэжлийн хүмүүсийн хоорондын харилцаанд хамгийн их дутагдаж байдаг. Үүний дараа “Нийтлэг хэл”-ээр дутагдаж байдаг өөр нэг хэсэг бол эрүүл мэндийн төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийн хоорондын харилцаа юм. Өөрөөр хэлбэл өвчтөн тэдний гэр бүл (хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс мөн адил) болон эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн хооронд, мөн эмнэлгийн төрөл бүрийн мэргэжилтнүүдийн хооронд ОУҮАА шиг “Нийтлэг хэл” нэн шаардлагатай байгаа юм. Тийм учраас дээр дурдсан хүмүүс, мөн дээр нь нэмээд ялангуяа шийдвэр гаргах түвшний хүмүүс бүгд ОУҮАА-ын гол мөн чанарыг сайтар ойлгож авах, хэрэглэж дадах асуудал чухал байгаа юм. “Био-сэтгэц-нийгмийн” загвар нь дараах 3 үндсэн онцлогтой.
1. Бүх түвшинг чухалд үзэх:  Аль нэг түвшинг илүү дөвийлгөх эсвэл орхигдуулах асуудал байж болохгүй.  Үйл ажиллагааны 3 түвшинг бүхэлд нь эн тэнцүү байдлаар авч үзэх асуудлыг чухалчилсан.  
2. Харилцан үйлчлэлийг чухалд үзэх:  Үйл ажиллагааны 3 түвшин  нь харилцан нөлөөлнө. Нөгөөтэйгүүр эрүүл мэндийн байдал болоод орчны хүчин зүйлс нь  (хүрээлэн буй орчин хийгээд хувь хүний хүчин зүйлс) үйл ажиллагааны 3 түвшинтэй харилцан үйлчлэл үзүүлнэ. Ийм харилцан үйлчлэлийг чухалчилж үзсэн. Хоорондын харилцан үйлчлэл нь динамик шинж чанартай. Мөн харилцан үйлчлэл нь 2 чиглэлтэй болсноороо өмнөх загвараасаа ихээхэн ялгаатай болсон.
3. Эерэг талыг чухалд үзэх:  Өмнөх загварт “чадвар алдалт” гэсэн сөрөг талд анхаарал хандуулж байсан бол ОУҮАА-д эсрэгээр амьдралын “үйл ажиллагаа” гэсэн эерэг талыг чухалчилж үзэх болсон. Мэдээж хэрэг сөрөг талыг огт тоохгүй байна гэсэн үг биш юм. Биеийн бүтэц, үйл ажиллагаанд бэрхшээл үүссэн байдлыг гэмтэл, зорилгот үйлд бэрхшээл үүссэн байдлыг зорилгот үйлийн хязгаарлалт, нийгмийн оролцоонд бэрхшээл үүссэн байдлыг нийгмийн оролцооны хязгаарлагдмал байдал гэж тодорхойлж үздэг. Ингэж түвшин тус бүрд эерэг талыг урьдал болгож, түүнд бэрхшээл үүссэн байдлыг (сөрөг тал) багтаан оруулсан нь эерэг талыг чухалчилж үзэж байна гэж ойлгож болно. “Үйл ажиллагаа” гэсэн ерөнхий ухагдахуунаар эерэг талыг, “Чадвар алдалт” гэсэн ухагдахуунаар сөрөг талыг илэрхийлж байгаа юм.  
Нөгөөтэйгүүр ОУҮАА-ны өмнөх загвараасаа дэвшил олсон томоохон нэг онцлог бол “Нөхцөл байдлын хүчин зүйл” (Contextual Factors) гэсэн ухагдахууныг оруулж өгсөн явдал юм. Энэ нь амьдралын үйл ажиллагаа биш боловч үйл ажиллагаанд томоохон нөлөө үзүүлэх хүчин зүйл болдог. Энэ нь дотроо 2 хүчин зүйлээс бүрдэх ба “Хүрээлэн буй орчны хүчин зүйлс” , “Хувь хүний хүчин зүйлс” гэж байна. Эдгээр хүчин зүйлс нь хувь хүний эрүүл мэндтэй харилцан уялдаатай байх ба тухайн хүний үйл ажиллагааны түвшин ба хамрах хүрээг тодорхойлно. Хүрээлэн буй орчны хүчин зүйлс нь хувь хүнд нөлөөлөх гадаад нөлөө (тухайбал, нийгмийн хандлага, бүтцийн загварын онцлог шинж чанар, хууль эрх зүйн систем зэрэг) бөгөөд ОУҮАА-ын орчны хүчин зүйлс гэсэн хэсэгт багтсан байгаа. Нөгөө талаас, хувь хүний хүчин зүйлсийг энэ ангилалд ангилаагүй болно. Үүнд: хүйс, арьс өнгө, нас, бие бялдар, амьдралын хэв маяг, зуршил, тэмцэх чадвар болон бусад хүчин зүйлүүд багтана. Шаардлагатай тохиолдолд мэргэжилтэн эдгээрийг өөрөө үнэлнэ. Мөн ОУҮАА-д орсон чухал нэг өөрчлөлт бол “Эрүүл мэндийн байдал”. Өмнөх загварт чадвар алдалтыг бий болгодог шалтгааныг өвчин эмгэг гэж үзэж байсан бол ОУҮАА-д зөвхөн өвчин эмгэг төдийгүй жирэмслэлт, хөгшрөлт, стресс гэх мэт өргөн хүрээтэй ухагдахууныг бий болгосон. Жирэмслэлт, хөгшрөлт нь эмгэг биш боловч амьдралын үйл ажиллагаанд янз бүрийн өөрчлөлтийг учруулах нөхцөл байдал учраас ийнхүү үзэх болсон хэрэг. Мөн бас нэг онцлог бол “Зорилгот үйл” –ийг “чадамжийн түвшин”,
 “гүйцэтгэлийн түвшин” гэсэн 2 талаас авч үзэх болсон.

ОУҮАА нь олон тооны Кодноос бүтдэг. Код гэдэг нь үсгэн болон тоон тэмдэглэгээ бөгөөд нэг ром үсгээр эхлээд араас нь үргэлжлээд хэд хэдэн орон бүхий тоогоор үргэлжлэсэн кодын систем юм. Ром үсэг нь Биеийн үйл ажиллагаа нь body”-гын b, Биеийн бүтэц нь structur”-ын s, Зорилгт үйл нь “activity”-ын a,  Нийгмийн оролцоо нь participation”-ын p, Орчны хүчин зүйлс нь “environmental factor”-ын e үсгүүдээр тэмдэглэгддэг билээ. ХаринЗорилгт үйл, Нийгмийн оролцоо  хоёр нь нэг листтэй байдаг учир толгойд нь “domain” –ны d үсэг бичигддэг. Хэдийн ийм боловч хэрэглэхдээ заавал a эсвэл p үсгийг тавьж хэрэглэх ба d үсгээр хэрэглэдэггүй болно. Эдгээр үсгэн тэмдэглэгээ нь тоон тэмдэглэгээний хамт хэрэглэгдэх бөгөөд бүлэг нэг оронтойгоор дугаарлагдах бол, хоёрдугаар түвшин хоёр оронтой тоо, гурав, дөрөвдүгээр түвшин дээр тус бүр нэг орон нэмэгдэж илэрхийлэгдэнэ. ОУҮАА-ын код эрүүл мэндийн түвшний хэмжээг (жишээ нь бэрхшээлийн хүнд хөнгөний зэрэг) тодотгогч тодорхойлогчын хамтаар сая бүрэн утгаар ашиглагдана. Тодорхойлогч нь цэгийн дараа нэг, хоёр эсвэл түүнээс олон оронтой тоогоор илэрхийлэгдэнэ. Аль ч код байсан хамгийн багадаа нэг тодорхойлогчтой байна. Тодорхойлогчгүй код цогц утга илэрхийлэхгүй. ОУҮАА-ын бүтэц, хэрэглэх аргыг ойлгоход дөхөм болгох үүднээс ОУҮАА-ын талаарх тойм болоод тодорхойлогчын талаарх бүдүүвч, ОУҮАА-д хэрэглэгдэх үг хэллэгийн тодорхойлолтыг Хүснэгт 1-3т үзүүлэв.   
Хүснэгт 1.   ОУҮАА-ын тойм

1-р хэсэг.    Үйл ажиллагаа ба
чадвар алдалт
2-р хэсэг.     Нөхцөл байдлаас хамаарах хүчин зүйлс
Бүрэлдэхүүн хэсгүүд
Биемахбодийн бүтэц ба үйл ажиллагаа
Зорилгот үйл ба нийгмийн оролцоо
Хүрээлэн буй орчны хүчин зүйлс
Хувь хүний хүчин зүйлс
Хүрээ
Биемахбодийн бүтэц ба үйл ажиллагаа

Амьдралын талууд (зорилго, үйлдэл)
Үйл ажиллагаа, чадвар алдалтанд хүргэх гадаад нөлөө
Үйл ажиллагаа, чадвар алдалтанд хүргэх дотоод нөлөө
Ерөнхий төсөөлөл
Бие махбодийн үйл ажиллагаанд гарах өөрчлөлт (физиологийн хувьд)

Биеийн бүтцэд гарах өөрчлөлт
(анатомийн бүтцийн хувьд)
Стандарт нөхцөлд зорилгот үйлийг гүйцэтгэх чадамж


Одоогийн нөхцөлд үйлийн гүйцэтгэлийн биелэлт
Биемахбод, нийгэм, хандлагын онцлогын нөлөөллийг багасгах, эсвэл ихэсгэх
Хүний хандлагын нөлөөлөл
Эерэг тал
Үйл ажиллагаа, бүтцийн хоршмол чанар
Зорилгот үйл ба нийгмийн оролцоо
Багасгах зүйлс
Хэрэглэгдэхгүй
          Үйл ажиллагаа
Сөрөг тал
Гэмтэл
Зорилгот үйл болон нийгмийн оролцооны хязгаарлагдмал байдал
Саад/ бэрхшээл

Хэрэглэгдэхгүй
         Чадвар алдалт

Хүснэгт 2. Тодорхойлогчид
Бүрэлдэхүүн хэсгүүд
Анхдагч тодорхойлогч
Нэмэлт тодорхойлогч
Биемахбодийн үйл ажиллагаа(b)
Гэмтлийн тэлэлт болон хэмжээг заасан сөрөг хэмжээс бүхий үндсэн тодорхойлогч

Жишээ нь: b167.3 нь Хэл ярианд оролцдог тодорхой сэтгэцийн үйл ажиллагааны хүнд гэмтлийг зааж байна.
Байхгүй
Биеийн бүтэц (s)
Гэмтлийн тэлэлт болон хэмжээг заасан сөрөг хэмжээс бүхий ерөнхий тодорхойлогч





Жишээ нь: s730.3 дээд мөчний хүнд гэмтлийг заана.
Биеийн бүтцэд гарах өөрчлөлтийн мөн чанарыг илэрхийлэхэд хэрэглэгдэнэ.

0 биеийн бүтцэд ямар ч өөрчлөлт байхгүй
1 бүхлээрээ байхгүй байх
2 Тодорхой хэсэг байхгүй байх
3 Нэмэлт хэсэг
4 Хэвийн бус хэмжигдэхүүн
5 Тасралт
6 Байрлалын хазайлт
7 Бүтцэд гарч буй чанарын өөрчлөлт, шингэний хуримтлал багтана
8 тодорхой бус
9  Хэрэглэгдэхгүй
Жишээ нь: s730.32 энэ код нь дээд мөчний тодорхой хэсэг байхгүй гэдгийг зааж өгч байна.
 Зорилгот үйл ба нийгмийн оролцоо (d)
Гүйцэтгэл

Үндсэн тодорхойлогч

Тухайн хувь хүний яг одоо байгаа орчинд бэрхшээл үүссэн гэсэн үг.

Жишээ нь: d5101.1 тухайн хувь хүний байгаа орчинд хэрэглэх боломжтой туслах хэрэгслийн тусламжтайгаар усанд ороход бага зэрэг бэрхшээл үүсч байгааг зааж байна.
Чадамж

Үндсэн тодорхойлогч

Тусламж авахгүй тохиолдолд үүсэх хязгаарлагдмал байдал

Жишээ нь: d5101.2 усанд ороход дунд зэргийн бэрхшээл үүсэх: энэ нь туслах хэрэгсэл эсвэл туслагчгүй тохиолдолд усанд ороход дунд зэргийн бэрхшээл үүснэ гэдгийг зааж байна.
Орчны хүчин зүйлс (e)
Үндсэн тодорхойлогч нь  орчны эерэг нөлөөлөл буюу дэмжих орчин, сөрөг нөлөөлөл буюу саад болох орчны аль алиных нь тэлэлтийг зааж өгдөг.
Жишээ нь: е130.2 энэ нь боловсролд хэрэглэж буй бүтээгдэхүүнүүд нь дунд зэргийн бэрхшээл үүсгэж байна гэсэн үг. Эсрэгээрээ, е130+2 буюу боловсролд хэрэглэж буй бүтээгдэхүүнүүд  дундаж хэмжээгээр дэмжлэг үзүүлнэ гэсэн үг юм.
Байхгүй


Хүснэгт 3. ОУҮАА-д хэрэглэгдэх үг хэллэгийн тодорхойлолт

u Бие махбодын үйл ажиллагаанд хамааралтай хэллэг:

Үйл ажиллагаа (functioning) гэдэг нь бие махбодийн үйл ажиллагаа, биеийн бүтэц, зорилгот үйл болон нийгмийн оролцоог бүхэлд хамарч багтаасан хэллэг
  Чадвар алдалт (disability) гэдэг нь үйл ажиллагааны чадвар алдагдал, зорилгот үйлийн хязгаарлагдал, нийгмийн оролцооны хязгаарлагдмал байдал бүхнийг хамарсан хэллэг  
Биемахбодийн үйл ажиллагаа (body functioning) гэдэг нь бие махбодийн эрхтэн тогтолцооны бүхий л физиологийн үйл ажиллагаа (үүнд сэтгэцийн үйл ажиллагаа багтана) юм.
Биеийн бүтэц (body structures) гэдэг ойлголтонд биемахбодийн анатомийн хэсгүүд болох эрхтэн, мөчдүүд болон тэдгээрийн бүрэлдэхүүн хэсгүүд хамаарагдана.
Гэмтэл (impairments) гэдэг нь биемахбодийн бүтэц, үйл ажиллагаанд үүссэн бэрхшээл буюу үйл ажиллагааны мэдэгдэхүйц хазайлт болон бүтцийн алдагдлыг хэлнэ.  
Зорилгот үйл (activity) гэдэг нь тухайн хувь хүний зорилгын гүйцэтгэл буюу идэвхитэй үйлийг хэлнэ. 
Нийгмийн оролцоо (participation) гэдэг нь нийгмийн аливаа үйл ажиллагаанд хамрагдаж, оролцох үйл явц юм.
Зорилгот үйлийн хязгаарлалт (activity limitations) гэдэг нь тухайн хувь хүн зорилгот үйлийн гүйцэтгэх явцад бэрхшээл учрахыг хэлнэ.
Нийгмийн оролцооны хязгаарлагдмал байдал (participation restrictions) нь тухайн хувь хүн нийгмийн ямарваа нэг үйл ажиллагаанд оролцоход хүндрэл бэрхшээл учрахыг хэлнэ.

u Нөхцөл байдлын хүчин зүйлд хамааралтай хэллэг:

Хүрээлэн буй орчны хүчин зүйлс (environmental factors) гэдэгт хүмүүсийн амьдарч буй, өдөр тутмын амьдралаа явуулж байгаа бие махбодийн, нийгмийн, хандлагын орчинг бий болгох хүчин зүйлс орно.
Хувь хүний хүчин зүйлс (personal factors) хувь хүний амьдрал, ахуй дахь тусгай нөхцөл байдал



ОУҮАА-ыг сэргээн засах тусламж үйлчилгээний эмнэлзүйд хэрэглэхэд хэт олон зүйл ангитай учраас хэрэглэхэд цаг хугацаа их шаарддаг, үнэлгээний шалгуурыг тодорхой тогтоож өгөөгүй учраас үнэлгээний стандарт нь бүрхэг гэх мэт дутагдалтай талууд  нь нэлээд шүүмжлэлийг дагуулдаг. Эдгээр бэрхшээлтэй асуудлыг шийдэх зорилгоор 2006 онд ДЭМБ-ын  Олон Улсын Бүлэг Ангилалын  сүлжээнд ОУҮАА-ын мэргэжлийн зөвлөл буюу олон улсын ангилалын бүлэг (FDRG)-ийг байгуулсан бөгөөд энэ мэргэжлийн зөвлөлөөс ОУҮАА-ын хэрэглээг улам хялбаршуулах, боловсронгуй болгож сайжруулах зэрэг үйлажиллагааг тасралтгүй явуулж байгаа билээ. Энэ үйл ажиллагааны хүрээнд ОУҮАА-ыг эмнэлүйд үр дүнтэй хэрэглэх арга болгож ICF Core Set буюу ОУҮАА-ын гол бүрдэл хэлбэрүүдийг зохиож гаргасан бөгөөд Америк Европын орнуудад энэ гол бүрдэл хэлбэрүүдийг ашиглахыг зөвлөж байна. Энэ нь зонхилон тохиолддог эрүүл мэндийн байдал буюу эмгэгүүд, архаг өвчин болон өвчний үе шатуудад тусгайлан зориулж зохиосон загвар юм. Эдгээр гол бүрдлийг олон жилийн судалгаа шинжилгээнд үндэслэж, эрүүл мэндийн статистик зэрэгт ашиглах зорилготой ОУҮАА-ны суурь үнэлгээний жагсаалт (ICF checklist) –ийг ашиглаж мэргэжлийн хүмүүсийн дунд дельфи бүлгийн ярилцлагын аргаар зохиож гаргасан. Бодит байдал дээр 20% ийн агуулгаар нийт үнэлгээний 80% ийг тайлбарлаж чадахуйц байхаар зохиогдсон байдаг.  Өнөөгийн байдлаар (2012 оны 10 сар) нийтдээ 31 гол бүрдэл, хэрэглэх аргын хамт зохиогдоод байна. Тухайлбал  тархины харвалттай өвчтөний үйл ажиллагааны байдлыг (тархины харвалтын дараах био-сэтгэц-нийгмийн үр дүн) үнэлэх зориулалттай тархины харвалтын гол бүрдэл буюу ICF Core Set for Stroke гэж байдаг. Жишээ болгож Хүснэгт 4-т Тархины харвалтын гол бүрдлийн хураангуй хэлбэрийг үзүүлэв. Хаалтанд байгаа зүйл анги (код) нь хураангуй хэлбэрийг зохиож байх явцад хасагдсан код бөгөөд 2012 оны хураангуй хэлбэрт тусгагдаагүй болно.
Хүснэгт 4. Тархины харвалтын гол бүрдлийн хураангуй хэлбэр (Brief ICF core sets for stroke)
ОУҮАА-ын бүрэлдэхүүн
ОУҮАА-ын код
ОУҮАА-ын төрлүүд
Бие махбодын үйл ажиллагаа
b110
Ухамсарт ухаан
b114
Баримжаалал
(b140)
(Анхаарлын үйлдэл)
(b144)
(Ой тогтоолт)
b167
Хэл яриатай холбоотой сэтгэхүйн үйлдэл
b730
Булчингийн хүчний үйлдэл
Биеийн бүтэц
s110
Тархины бүтэц
(s730)
(Дээд мөчдийн бүтэц)
Зорилгот үйл болон нийгмийн оролцоо
(d310)
(Яриаг ойлгож , хүлээн авах)
d330
Ярих
d450
Алхах
(d510)
(Биеэ угаах)
d530
Бие засах
d540
(Хувцаслах)
d550
Идэх
Орчны хүчин зүйлс
e310
Гэр бүлийн гишүүд
(e355)
(Эрүүл мэндийн мэргэжилтнүүд)
(e580)
(Эрүүл мэндийн үйлчилгээ, түүний тогтолцоо, бодлого)
(Bickenbach et al, 2012) (Geyh et al, 2004)
Бид энэ өгүүллээрээ Олон Улсын Үйл Ажиллагааны Ангиллыг Монголын Улсын эрүүл мэндийн салбар, нэн ялангуяа сэргээн засах тусламж үйлчилгээнд зөв хэвшүүлэн буулгах, эмнэлзүйн практикт үр дүнтэй хэрэглэхэд хэрэг болохуйц үндсэн мэдээллүүдийг хүргэлээ. ОУҮАА-ыг хэрэглэхдээ ангилал гэсэн үгийг шууд утгаар нь бус аливаа хувь хүний “Амьдрах Үйл Явцыг” үйл ажиллагааны 3 түвшинд хүрээлэн буй орчны хүрээнд уялдуулан  бүхэл цогц байдлаар ойлгож харах загвар гэсэн утгаар ойлгож хэрэглэхийг зөвлөх байна.  ДЭМБ-аас гаргасан ОУҮАА-ын Товхимолыг монгол хэлнээ хөрвүүлэн буулгаж байна. Гэвч хөрвүүлэн гаргаж буй энэ номонд ач холбогдол нь байгаа бус өөрийн орны хөрсөнд зөв хэвшүүлж буулгах, үр дүнтэй хэрэглэж сурахад энэ ангиллын үндсэн ач холбогдол нь оршино. 

жич: Энэ сарын 18, 19 нд болох сэргээн засах нийгэмлэгийн чуулган дээр тавих илтгэлээ сийрүүлэн оруулав.