Wednesday, June 13, 2012

TREATMENT FOR H.PYLORI - Хеликобактерийн эмчилгээ

Энэ постыг би дөнгөж 30 насандаа ходоодны өвчнөөр шаналан байж нас барсан багийн анддаа зориулж байна.

Анх 100 жилийн өмнө ходоодонд нян байдаг юм байна гэдгийг илрүүлсэн боловч энэ нь ходоодны үрэвсэл үүсгэдэг юм байна гэдгийг бүр хожуу 1970-аад онд судлан тогтоожээ. 1982 онд Маршалл, Варрен 2 ходоодны нянг ургуулан Кампилобактер пилоридс хэмээн нэрлэсэн нь хожим дахин ангилагдаж Хеликобактер пилори гэдэг нэртэй болов. Ходоодны хеликобактер нь ходоодны үрэвсэл, шарх, шархлаа, хавдрын нэг үндсэн шалтгаан болдог.  Дэлхийн хүн амын 50%-аас дээш хувь нь энэ халдвараар өвчилсөн байна. Хөгжиж байгаа орнуудын хувьд 10-аас доош насны хүүхдүүд болон 50 хүртэлх насны том хүмүүсийн 80%-аас дээш хувьд хеликобактерийн халдвар байдаг байна. Хеликобактеритай хүн давс ихтэй хоол хүнсний бүтээгдэхүүн их хэрэглэснээр нян тэсвэртэй болохоос гадна ходоодны хорт хавдар үүсгэх эрсдэл нэмэгдэнэ. Энэ бактери удамшихгүй, өтгөн- ам, ам-ам гэсэн замаар халдварлана. Өтгөн, бөөлжис, ундны усанд олон хоногоор байх чадвартай. Гол горхи, усан санд тогтмол сэлдэг, урсгал уснаас уудаг, түүхий хүнсний ногоо идэж хэрэглэдэг хүүхдүүд халдварт өртөмхий байна. Эмнэлгийн ажилчидын хувьд ходоодны шүүстэй шууд тулж харьцдаг хүмүүс болох дурангийн эмч, дурангийн жижиг хэрэгслүүдтэй харьцагч дунд мэргэжилтэн нар халдварт өртөх, халдвар дамжуулах эрсдэл өндөртэй. Хеликобактерийн халдвартай байгаад түүнийгээ бүрэн гүйцэд эмчлүүлсэн хүмүүсийн хувьд энэ нянгаар дахин халдварлагдах боломж муу,  2%-аас доош байдаг болно. Ходоодыг дурандах явцдаа биопси авч шинжилвэл хамгийн бодитой оношилгоо болох ч хатгалт, дуран хийхгүйгээр амьсгалын уреаз болон өтгөнд антиген илрүүлэх сорил, мөн цусанд нянгийн эсрэг биеийг тодорхойлж тоолох гэсэн оношилгооны аргууд бий.
Тоолоход 15-аас бага гарсан үед эмчилгээ хийхгүй, 15-60 хооронд гарсан боловч эмнэлзүйд шинж тэмдэг илрэхгүй бол эмийн эмчилгээ хийх шаардлагагүй. 60-аас дээш гарсан тохиолдолд хавсарсан эмийн эмчилгээг эхэлнэ. Гурвалсан эм уудаг гэж ярьдаг даа. Тэр нь ямар учиртай юм бэ гэвэл хеликобактер маань өөрөө грамм сөрөг нян учраас энэ төрлийн нянг устгах үйлчилгээтэй пенициллиний болон макролидийн бүлгийн эмийг, ходоодны хүчлийн ялгарлыг багасгах үйлчилгээтэй протон шахуургыг саатуулагч бүлгийн эмтэй хавсарч хэрэглээд байгаа юм. Жишээ нь: амоксициллин 1гр-аар өдөрт 2 удаа, клатримицин 500 мг-аар өдөрт 2 удаа, омепразол 20 мг-аар өдөрт 2 удаа, нийт 14 хоног ууна. Энэ бол эмч нарын хамгийн эхний сонголтын гурвалсан эмчилгээ юм. Prevpac гэсэн нэрээр дотор нь энэ 3 эмийг багтаасан шинэ эмийн хэлбэр гарсан байгаа.
За тэгээд хэрвээ тухайн хүн маань пенициллинд харшилтай бол амоксициллины оронд метронидазолыг хэрэглэж болно.
үргэлжлэл бий....