Friday, October 25, 2013

Evaluation of knee pain - Өвдөгний системчилсэн үзлэг

Өвдөгний өвдөлттэй тохиолдлууд ихсээд л байна. Би гэдэг хүн "өвдгийг" нэг их сайхан дэлгэрэнгүй бичихсэн гэж бодоод 2 жил болсон байна. Одоо шууд төлөвлөгөөнийхөө дагуу бичээд явахгүй бол назгайрсаар 20 жил болох шинжтэй. Ерөнхийдөө системчилсэн үзлэг, ялган оношилгоо тус тусдаа сэдэв болж ороод, үргэлжлүүлээд өсвөр насны хүүхдүүдийн өвдөгний өвдөлт, спортын гэмтэл, остеоартрит гээд  өвдөгний тухайд  5 бичлэг нэмнэ гэж төлөвлөсөн байгаа.

Асуумж
Механик шинж тэмдэг -  энд гэмтэл авах үед өвдөг тасхийж дуугарах, идэвхитэй хөдөлгөөний дараа өвдөг түгжигдээд байгаа мэт санагдах, өөрөөр хэлбэл бүрэн тэнийж, нугалж чадахгүй, үен дотор хориг үүсээд байх, эсвэл өвдөг бэхэлгээгүй болчихсон мэт , алхахаар өвдөг салж уначих гээд байгаа мэт санагдах шинжүүд багтана.
Гэмтэл авлаа, өвдөг тасхийж дуугараад алхаж чадахгүй өвдлөө гэхэд өвдөгний холбоосын бүтэн урагдал байж болзошгүй гэж сэжиглэх хэрэгтэй.
Жишээ нь: Тамирчид бэлтгэл хийсний дараа өвдөг тэнийчихээд нугарч өгөхгүй удаад байдаг, хөдөлгөөн хийхээр өвдөг түгжигдээд байдаг гэвэл менискусын урагдал байх магадлалтай.
Өвдөг салж уначих гээд айлгаад байгаа бол тойгны хагас мултрал, эсвэл холбоосын 1, 2-р зэргийн урагдал байж болно.
Шингэн хурах- гэмтэл авлаа , тэр дороо их хэмжээний шингэн үүсээд ирвэл нэг бол холбоосын бүтэн урагдал ялангуяа урд талын хэрээс хэлбэрийн холбоосын тасралт эсвэл ясны хугарал байж болно. Харин 1-2 хоногийн дараанаас шингэн хураад, тэгэсгээд аяндаа гайгүй болсноо жаахан идэвхитэй хөдөлгөөн хийнгүүт дахиж шингэн үүсээд яваад байвал менискус гэмтсэн байх магадлалтай.
Гэмтлийн механизм - өвдөг нугалсан байрлалд урд талаасаа хүчтэй цохилт авахад ар талын хэрээс хэлбэрийн холбоос гэмтэнэ. Өвдгийг гадна хажуу талаас их хүчээр үйлчлэхэд дотор хажуугийн холбоос, дотор талаас нь гадагш чиглэлтэй хүчээр үйлчлэхэд гадна хажуугийн холбоос урагдана. Өвдөг хэт тэнийхэд хэрээс холбоосууд гэмтэнэ. Харин гэнэт эргэх, өвдгөөр мушгисан хөдөлгөөн их хийвэл менискус гэмтэнэ. Гүйж байгаад гэнэт зогсох, хурдан чиглэлээ өөрчлөх зэрэгт урд талын хэрээс холбоос гэмтэх нь элбэг.
Нэмээд өмнө нь өвдгөө гэмтээж байсан уу, тийм бол ямар арга хэмжээ авч, хэр хугацаанд өвдөлтгүй болж байсныг лавлана. Мөн бусад үеэр өвдөх шинж илэрдэг үү, тулай, артрит байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй.
Үзлэг
2 хөлийг харьцуулж харна. Улайсан, хөхөрсөн, хаван хавдар байгаа эсэхийг ажиглана. 2 талын өвдөгний дээд талын 4 толгойт булчин тэр дундаа өвдөгний дээд дотор талын булчин (m. vastus medialis obliques) 2 хөлд ижил байна уу, өвчтэй талын хөлд энэ булчин хатингаршсан шинж байна уу гэдгийг ажиглаарай. За тэгээд халуун эсэх, өвчин эмзэглэлтэй эсэх, шингэн бий эсэхийг тэмтрээд үзэх хэрэгтэй. 4 толгойт булчин- тойг- тэгээд 4 толгойт булчингийн шилбэний бүдүүн ясанд ирж бэхлэгдсэн шөрмөсийг гэх мэтчилэн өвдөгний бүтцэнд орж буй бүх элементийг нэг бүрчлэн тэмтэрч үзнэ. Дараа нь өвдөгний үеэр бүтэн нугалж, тэнийж, эргүүлж чадах байгаа эсэхийг үзнэ. Өвдөг нь тэнийхдээ 0 хэм, нугалахдаа 135 хэм, гадагш дотогш эргэх хөдөлгөөнийг тус бүр 10 хэмээр хийдэг үе билээ. Эдгээр далайц хэвийн хэмжээнд хадгалагдаж байгаа эсэхийг шалгаад, өвдөг нугалах тэнийлгэх булчингийн хүчийг эсэргүүцэл өгч шалгаж үзнэ. Тойгны зам хэр байгааг 4 толгойт булчингаа чангал гэж хэлж байгаад харж шалгана. 4 толгойт булчингийн өнцгийг тодорхойлно.Q angle 15 хэмээс дээш бол 4 толгойт булчингийн хүчтэй агшилтаар тойг хагас мултрах эрсдэл өндрийг харуулна. (хэрвээ уншигч та энэ талаар сонирхож байвал дэлгэрүүлээд интернетээс хайгаад, яаж өнцөг тодорхойлдог талаар сурч болно. Миний компьютороос зураг орохгүй байгаад хүлцэл өчье)
Өвдөгний үенд шингэн хурсан эсэхийг шалгахдаа өвчтнөө дээш харуулж хэвтүүлээд, өвдөг тэнийсэн байрлалд  тойгны хил хязгаар тод харагдаж байгаа эсэхийг ажиглаарай. Тойг тодорхой харагдахгүй бол шингэн хурсаны шинж юм. Тойг хагас мултарсан эсэхийг шалгахдаа тойгны дотор талд хуруугаа байрлуулаад гадагш чиглэлтэй түлхээд үзэхэд өвдөлт эсвэл тогтворгүй байдал илэрвэл сэжигтэйн шинж. Дараа нь гаднаас дотогш чиглэлтэй тойгыг түлхэж үзнэ.
Дараа нь өвдөгний урд болон ар талын хэрээсэн холбоос, дотор ба гадна хажуу талын холбоос , менискусын урагдалыг тус тусад нь илрүүлэх өвөрмөц сорилыг хийж үзнэ. (зураг оруулж болохгүй байгаа болохоор дараа тайлбарлахаар орхилоо)

Шинжилгээ
Хөлийг бага зэрэг хөдөлгөхөд л өвдөөд байгаа, дарахад хөндүүр эмзэглэл ихтэй, халуу оргиж, хавдсан өвдөгний үенээс соруулаад гарсан шингэнийг нь шинжилгээнд явуулах ёстой. Мөн цусны шинжилгээгээр цагаан эс, СОЭ, цаашилбал РА илрүүлэх бусад үзүүлэлтүүдийг үзнэ.