Tuesday, February 15, 2011

What is brain plasticity? \ тархины саа зөвлөмж - 1\

Энд би хэд гурван чухал зүйлийг ойлгуулах гэсэн юм. Яагаад тархины сааг эрт илрүүлж оношлох нь чухал вэ гэвэл хүүхдийн тархи 2 нас хүртлээ эрчимтэй хөгждөг. Ялангуяа brain plasticity \ монголоор орчуулж мэдэхгүй байна. Тархины нейроны уян хатан чанар?\. Энэ юу гэсэн үг вэ гэвэл орчны нөлөөлөлд тохируулан зохицсон хариу урвал үзүүлэх тархины чадамж юм. Тэгэхээр энэ тохиолдолд орчин босс болно гэсэн үг. Орчиндоо тааруулан тархины нейронууд өөр хоорондоо холбогдон, гайхамшигт архитектурийн бүтээлийг босгоно. Үүний дүнд хүүхэд тухайн орчиндоо тохирсон хариу үйлдлийг хийх чадварт суралцдаг. Хэрвээ эрүүл хүүхдийг төрөхөөс нь эхлүүлээд өрөөг нь сайхан тохижуулж бэлдээд, хараа, сонсгол, амтлах, үнэрлэх, хүрэлцэх гэсэн бүх мэдрэхүйг байнга цочроож байвал хүүхдийн тархины уян хатан чанар дээд зэргээр хөгжинө. Харин мэдрэхүйг өдөөхгүй, хүүхэдтэйгээ ажиллахгүй, зүгээр л нэг хооллоод унтуулаад байвал brain plasticity муу байхнээ. Тархины саатай хүүхдүүдийн хувьд тархины тодорхой нэг хэсэг эргэшгүйгээр гэмтдэг. Энэ гэмтлээс болоод мэдрэхүйн мэдээлэл дамжих замд саад үүсдэг. Мэдрэлийн систем мэдээллийг хүлээн авах, дамжуулах, хариу урвал үзүүлэх гэсэн үйлдлүүдийг хийдэг. Эдгээрийн аль нэг нь ажиллахаа больчихвол тархины уян хатан чанарт асуудал үүснэ. Орчиндоо тааруулан тархины нейронууд өөр хоорондоо холбогдон, гайхамшигт архитектурийн бүтээлийг босгох ёстой. Харамсалтай нь энэ хэсэгт бэрхшээл үүснэ. Тэд холбогддогоороо холбогдоно. Гэхдээ чиглэл, хэлбэр нь тэс өөр болоод явчихна.  Үүний дүнд хүүхэд гэнэтийн огцом хяналтгүй хөдөлгөөн хийх, булчингийн хүчдэл хэт сул эсвэл хэт чанга болох гэх мэт шинжүүд илэрдэг байх нээ. Харин орчин үеийн сэргээн засах эмчилгээ энэ тал дээр илүүтэй анхаарч ажилладаг болсон. Өөрөөр хэлбэл тодорхой нэг зөв үйлдлийг олон дахин давтан хийлгэснээр  тархины эсүүдийн өөр хоорондоо холбогдсон буруу хэлбэрийг зөв болгон засах боломжтой. Гэхдээ энэ нь хүүхэд 2 нас хүртэлх хугацаанд илүү үр дүнтэй байдаг. Brain plasticity-тэй холбоотой амьдралд ойр нэг жишээ авая. Төрөөд удаагүй байгаа ээж ядарсандаа цонхоор орж ирэх машины чимээг үл хайхран нам унтдаг мөртлөө хүүхдээ уйлангуут тэр дороо сэрчихдэг. Адилхан сонсох мэдрэхүйгээр авч байгаа мэдээлэл боловч тухайн ээжийн тархины эсүүд төрсөн хүүхдийнхээ уйлах дууг танихаар болгож, шинэ холбоос үүсгэсэн байх нь. Энэ бол хүний тархины бас нэгэн гайхамшигт чадвар.
Эргээд тархины сааны эмчилгээ лүү орое. Хамгийн энгийнээр товчлоод хэлэхэд үүсч болох хүндрэлээс сэргийл, нэгэнт үүсчихсэн хүндрэлийг цааш даамжруулахгүй байх арга хэмжээг ав, эцэст нь хамгийн чухал эмчилгээний тактик бол өсөлт хөгжлийг дэмжих, 5 мэдрэхүйг сэдээх эмчилгээг хий. Таны хүүхэд сэргээн засах эмчилгээ хийлгүй байсаар 2 нас хүрчихсэн бол одоо зөвхөн хүндрэлээс сэргийлэх эмчилгээ хийх боломжтой. 9 нас хүрчихсэн бол сэргээн засах эмчилгээ үр дүнгүй. Зөвхөн аминд халтай шинжүүдийг мэдэх, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ л авах боломжтой.


Дараагийн нэг анхаарал татсан зүйл бол алхаа. Манай хүүхэд хөлд орох уу? Энэ бол ар гэрийнхний тавьдаг жижүүрийн асуулт. Хэрвээ таны хүүхэд 2 нас хүрчихээд, сууж чадахгүй бол алхах боломж 50%. Хэрвээ 4 нас хүрчихээд сууж чадахгүй бол хэзээ ч алхахгүй гэсэн үг. Тэгэхээр эмч хүн энэ тохиолдолд хүүхдийн тавиланг маш сайн тодорхойлж чаддаг байх ёстой. Алхах уу? үгүй юу? гэдгийг эхлээд тодорхойл. Дараа нь хэрвээ хүүхэд хөлд орох боломжтой бол яаж зөв алхаанд сургах уу? Үүнд хүрэх замуудыг нэг бүрчлэн тоочиж, төлөвлөгөө гаргаж, түүний дагуу өвчтөнтэйгөө ажиллана. Анхны алхам маш чухал. Хэрвээ хүүхэд нэг л буруу алхаад сурчихвал дараа нь түүнийг засахад маш төвөгтэй. Эмийн болон мэс заслын эмчилгээ аль нь ч тус болохгүй. Бараг л засах боломжгүй. Харин хүүхдийг хөлд орохоос өмнө гарч болох бүх хүндрэлийг мэдэж, авах арга хэмжээг урьдчилан бэлтгэж, анхны алхмыг л зөв хүрээгээр  хийгээд өгвөл та сая өөрийгөө тухайн өвчтний ирээдүйд чухал тус боллоо гэж үнэлж болно.

No comments:

Post a Comment