Tuesday, May 17, 2011

Pain in children- Хүүхдийн өвдөлт- CASE

Хүүхэд хүчтэй өвдөлтийг мэдэрч байгааг харах, түүнийгээ хэрхэн илэрхийлж байгааг ажиглах шиг зүрх сийчсэн шаналан үгүй. Яг тэр мөчид бид сайн сурна шүү, энэ хөөрхөнүүдийн төлөө ихийг мэдэх ёстой гэдэг бодол эрхгүй төрдөг. Урдны долоо хоногт ирсэн нэгэн өвчтөн одоог болтол санаанаас гарахгүй байгаа тул энэ талаар бичлэг нэмэхээр шийдлээ.
9 настай охин, 2 жилийн өмнө ачааны машинд дайруулсан. Зүүн хөл бүтнээр, аарцаг ясны зүүн хагасыг тайруулсан.  Бүдүүн гэдэс, давсгандаа гуурстай. Өдрийн тал өнгөрөөд бид хоолондоо орох гэж байтал гаднаас орилсоор орж ирсэн. Тэргэнцэрээс ор луу шилжүүлээд хөнжлөөр хучлаа. Манай сувилагч охины гарыг илэн, амьсгалын дасгал заах зуур би баруун хөлийн улыг илж, чадлаараа анхаарлыг нь сарниулж,  өвдөлтийн эрчмийг сулруулах гэж оролдож байлаа. Маш хүчтэй өвдөлттэй байгаа нь нүүрнээс нь илт.  Яг л төрөлт ойртсон жирэмсэн эхийн өвдөлт шиг үе үе хүчтэй болоход охин байж ядан чарлаж, тайрагдсан хөлийнхөө угыг үрж байгаа нь зүрх шимшрэм. Өвдөлтийнх нь талаар тодруулж асуухад охин зүүн хөл байгаа юм шиг аймаар өвдөөд байна гэхээс өөрийг хэлж чадахгүй уйлна. Эндээс фантом өвдөлт - мэдрэлийн гаралтай өвдөлт байна гэсэн дүгнэлт хийлээ. Охинд морфин сиропоор уулгаад хэсэг харзналаа. Өвдөлт намдах шинжгүй. Хамт сурч байгаа анес-ийн эмч нүүрээ барайлган, толгойгоо сэжиж байснаа кетамин хийе гэлээ. Ингээд кетамин 0.1-0.2 мг\кг\цаг -аар тооцоод 50 мл натрийн хлорид-ээр шингэлээд, дуслаар 3 цаг хийлээ. 30 минутын дараа очоод хартал охины байдал харьцангуй дээрдсэн байв. Тасгуудаар хүнээ үзэж яваад эргэж иртэл охин тараг идэнгээ зураг зурж суулаа. Өвдөлтийн оноо нь 10-аас 5 хүртэл буурсан байлаа. Охинтой ярилцах боломжтой болсныг ашиглаад өвдөлтийн талаар тодруулан асуув. Тайрагдсан хөл нь байгаад, тэр нь шөрмөс татаж байгаа мэт, тогонд цохиулж байгаа мэт өвддөг. Сүүлийн 2 долоо хоногт өдөрт 10 түүнээс олон давтамжтай, нэг удаадаа 1-2 минут цахилгаан гүйдэлээр цохиулах мэт хүчтэй өвдөлт өгдөг гэнэ. Зарим шөнө гэнэт тайрагдсан хөлийн шөрмөс хүчтэй татаж нойрноос нь сэрээдэг гэлээ. Одоо ууж байгаа эмнүүд нь нейронтин 900 мг, флюксетин 10 мг, амитриптилин 10 мг, парацетамол. Бид нейронтины тунг нэмж 1200 мг\хоног, парацетамолыг ултрацэт-ээр сольж тал шахмалаар 6 цагийн зайтай уухыг зөвлөөд, TENS түр хэрэглүүлэхээр өгч 7 хоногийн дараа давтан ирж үзүүлээрэй гэж хэлээд, зурсан зургаа өвдөг дээрээ тавин, инээд алдсаар тэргэнцрээ өөрөө түрэн хурдлуулан гарах охиныг үдлээ. Яг энэ мөчид "аз жаргал гэдэг чинь өвдөлтөөс түрхэн хугацаанд ангижран амсхийх хормыг л хэлнэ" гэж юутай үнэн үг вэ гэсэн бодол төрж байлаа.

1 comment:

  1. сүүлчийн өгүүлбэр зүрхэнд..

    ReplyDelete