Sunday, June 5, 2011

WHO analgesic ladder - Хавдрын өвдөлтийн үнэлгээ, эмчилгээ

Ерөнхийдөө өвдөлтийг эрчмээр нь бага зэргийн хүчтэй, дунд зэргийн, маш хүчтэй өвдөлт гэж 3 ангилна. Хавдартай өвчтнүүдийн 90% нь ДЭМБ-аас гаргасан өвдөлт намдаах шатлалын дагуу эмчлэхэд үр дүнтэй байна гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр өвдөлтийг ялахын тулд эмч та 3 алхамт хөтөлбөрөөр ажиллах хэрэгтэй. Үүнд:
1. Тухайн өвчтөнд ямар хэлбэрийн өвдөлтүүд байна вэ гэдгийг эхлээд тогтооно. Өвдөлтийн шалтгаан нь ихэнхидээ олон төрөл байдаг. Хавдартай өвчтнүүд биемахбодийн шалтгаант өвдөлтөөс гадна сэтгэл зүйн, нийгмийн, сүнсний гэсэн үндсэндээ 4 янзын өвдөлтөөр шаналж байж болно. Үүнийг өвчтөнтэй ярилцах, үзлэг хийх явцдаа илрүүлнэ.
2. Бүх төрлийн өвдөлтийг эмчлэх хэрэгтэй.
3. Давтан үзлэг, хяналт маш чухал. Ялангуяа өвдөлт намдахгүй байгаа тохиолдолд аль төрлийн өвдөлт давамгайлж байгааг цаг тухай бүрт нь үнэлж, эмчилгээний төлөвлөгөөгөө тохируулан засч явах хэрэгтэй.
Өвдөлтийн эрчмийг үнэлэх олон арга байдаг. Практикт олонтоо хэрэглэгддэг нь 1-10 хүртэлх тоот шугамын арга. Огт өвдөлтгүй бол 0, амьдралдаа мэдэрч байсан тэсвэрлэшгүй хамгийн хүчтэй өвдөлтийг 10 гэж үзвэл яг одоо таны өвдөлт хэд дээр байна гэж асууж үнэлнэ.
1- 3 бол бага зэргийн гэж үнэлээд 1-р шатны эмчилгээг \ парацетамол, дааврын бус гаралтай үрэвслийн эсрэг эмүүд\ хийнэ.
3-7 бол дунд зэргийн гэж үнэлээд 2-р шат луу орно. 1 дээр нэмэгдээд сул опиод буюу трамадол, кодейн орж ирнэ.
7-10 бол маш хүчтэй өвдөлт гэж үзээд шууд 3-р шатны буюу морфин, фентанил зэрэг хүчтэй опиод сонгож авна. Мэдрэлийн гаралтай өвдөлт хавсарсан гэж үнэлж байвал сэтгэл гутралын эсрэг, таталтын эсрэг эмүүдийг бага тунгаар хавсарч явна. Эмийн тун, үйлчилгээний механизмын талаар дараа дэлгэрэнгүй бичих тул ингээд зогсоё.

WHO ANALGESIC LADDER / шатлалын зургыг хавсаргав/
Өвдөлтийн эмнүүдийг яг хүчтэй өвдөлт өгч байгаа үед нь өгдгөөрөө олон эмч нар алддаг. Эмийн сийвэн дэх түвшинг тогтвортой нэг түвшинд барьснаар өвдөлтийн эмчилгээ үр дүнгээ өгдөг. Тиймээс хоногийн 24 цагаар тодорхой интервалаар өгөх нь өвдөлт намдаах энгийн алтан дүрэм. Жишээ нь: парацетамолын хоногийн дээд тун 4гр байдаг. Үүнээс хэтэрвэл элэг хордоно. Парацетамолыг 1ширхгээр 6 цаг тутамд уулгах (around the clock) нэмээд яг өвдөлт мэдрэгдсэн үед нь 1 шахмалыг уулгах (prn dose). Гэхдээ хоногийн 4 гр-аас хэтэрч болохгүй гэх жишээтэй жороо бичнэ. Дараагийн дүрэм нь хувь хүнд тохируулж эмчилгээг сонгоно. Энэ нь хавсарсан өвчнүүд, өвчтний нас, биеийн жин зэрэгтэй холбоотой. Хэрвээ элэг эсвэл бөөрний архаг хууч өвчтэй, нас дээр гарсан хүн байвал эмийн тунг багасгана гэх мэт. Сүүлчийн алтан дүрэм бол өвдөлт намдаах эмийг аль болох амаар уулгах замыг сонгох нь зүйтэй. Зайлшгүй тохиолдолд л тарих хэлбэрийг сонгоно.

No comments:

Post a Comment