Monday, February 8, 2016

Gout- Тулай өвчний тухайд №2



Тулайтай хүнд зохимжтой хүнсний бүтээгдэхүүн байдаг уу?

Хэрвээ таны хоол хүнс витамин C ихтэй байвал тулайд эерэг нөлөө үзүүлнэ. Мөн түүнчлэн өдөрт 500-1500 мг витамин С –г нэмэлтээр ууж заншвал цусан дахь шээсний хүчлийн хэмжээ буурдаг. Учир нь витамин С нь шээсний хүчлийг шээсээр гадагшлуулах бөөрний үйл ажиллагааг дэмждэг. Зарим хүмүүст өндөр тунгаар авсан витамин С нь өтгөнийг шингэрүүлэх нөлөө үзүүлдэг. Уламжлалт эмчилгээнд интоор нь цусан дахь шээсний хүчлийг бууруулдаг гэж үздэг бөгөөд энэ нь судалгаагаар нотлогдсон болно.

Хамгийн чухал нь эрүүл зөв хооллох явдал юм.
Тэнцвэртэй эрүүл хооллолт нь бүх хүнд эерэг нөлөө үзүүлнэ. Эрүүл зөв хооллолттой хүн илүүдэл жинтэй байдаггүйгээс гадна биед хэрэгтэй бичил элементүүдийг хангалттай хэмжээнд хүртэл авч чаддаг. Доорх 4 бүлгийн хүнсийг өдөр бүр тэнцвэртэйгээр хэрэглэхийг хичээгээрэй.  Үүнд:
1.      Хангалттай жимс ногоо идэж байх
Болж өгвөл өдөрт 5 ширхэг жимс болон ногоо идэж занших хэрэгтэй. Эдгээр нь бие махбодид шаардлагатай ширхэглэг, витамин, эрдэс, аминхүчлүүдийг агуулдаг.
2.      Хангалттай гурил, гурилан бүтээгдэхүүн, төмс идэж байх
Төмсийг хальстай нь чанаж эсвэл жигнэж идэх, бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн хэрэглэж дадаарай.
3.      Мах, загасны төрлийг зохимжит хэмжээнд хүртэл хязгаартайгаар хэрэглэх
Махыг нэг дор ихээр идэж болохгүй. Ихэнх рестораны стейк 180гр орчим жинтэй байдаг ба энэ нь тухайн хүний өдрийн хэрэглээнээс давсан тоо юм.
4.      Сүү сүүн бүтээгдэхүүнийг тодорхой хязгаартай хэрэглэх
Өдөрт 1 аяга сүү, 1 аяга тараг, шүдэнзний хайрцагны хэмжээтэй бяслаг идэх норм тогтоогоорой.
5.      Үйлдвэрийн аргаар боловсруулсан идээ ундаанаас бүрмөсөн татгалзах
Ялангуяа чихэртэй хийжүүлсэн ундаа, жүүсийг огт хэрэглэж болохгүй. (глюкоз фруктозын сироп, эрдэнэшишийн сироп найрлаганд нь орсон эсэхийг заавал шалгах, хэрвээ орсон бол хэрэглэхгүй байх нь зөв). Яагаад гэвэл эдгээр нь тулай үүсэхэд нөлөөлдөг нэг эрсдэлт хүчин зүйл бөгөөд нэгэнт тулай гэж оношлогдсон ч хэрэглэсээр байвал тулайн сэдрэлт үүсгэдэг аюултай. Эдгээр нь витамин, эрдэс бодис агуулдаггүй зүгээр л хоосон кал бүхий хүний биед ямар ч хэрэггүй бүтээгдэхүүнүүд билээ. Мөн варень болон бусад чихэрлэг боловсруулсан бүтээгдэхүүн худалдаж авахаас өмнө найрлагыг нь тогтож сайн харж байгаарай. Ихэнх үйлдвэрүүд үнэ хямдыг нь бодож өндөр фруктозын агууламж бүхий эрдэнэшишийн сиропыг өргөнөөр хэрэглэдэг болсон нь чихрийн шижин, тулайгаар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлж байна. Амархан шингэдэг нүүрс уснаас мөн татгалзаарай. Үүнд: цагаан гурил, будаа, цагаан гоймон, печень, торт зэрэг багтана.

Тулай ба архины хэрэглээ
 
Архи их уудаг бол тулайгаар өвдөх эрсдэл нэмэгдэнэ. Нэгэнт оношлогдсон өвчтнүүдийн хувьд архины төрлийн зүйл нэг дор их хэмжээгээр хэрэглэх нь тулайн сэдрэлт үүсэх урьдал нөхцөл болж өгдөг. Архи нь хэд хэдэн замаар цусан дахь шээсний хүчлийн хэмжээг нэмэгдүүлж, сэдрэлтийг өдөөдөг. Шар айраг нь исэх явцдаа пуриныг ихээр үүсгэн дотроо агуулдаг. Үүнээс гадна архины төрлийн ундаа нь элгэнд нөлөөлсөнөөр шээсний хүчил ихээр үүсэх үйл явцыг сэдээж өгдөг байна. Хэрвээ та архийг хэвийн хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэдэг бөгөөд тулайтай гэж оношлогдсон бол архины хэрэглээгээ хэвийн түвшинд хүртэл бууруулах нь маш чухал юм. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүн 7 хоногт 21 нэгж, эмэгтэй хүн 14 нэгжээс хэтрүүлж болохгүй. Архины нэг нэгж гэдэг нь:
1.      250 мл 3-4% шар айраг
2.      125 мл 11% дарс
3.      25 мл архи
4.      50 мл жимстэй архи  тус тус болно.
Тэгэхээр эрэгтэй та 7 хоногт нийтдээ 500 гр архи эсвэл 5 литр буюу 10 грушик шар айраг ууж болноо гэсэн үг. Үүнээс хэтрүүлвэл цусан дахь шээсний хүчил ихээр нэмэгдэнэ.

Ямар төрлийн алкохолыг хэрэглэвэл зохимжтой вэ?
    Зохистой хэмжээнээс хэтрүүлэхгүй хэрэглэж байгаа ч гэсэн шар айраг уудаг хүмүүс тулайгаар өвдөх эрсдэл архи, дарс уудаг хүмүүстэй харьцуулахад өндөр байгаа нь судалгаагаар харагдаж байна. Өдөрт 2 хундага дарс уудаг хүмүүстэй харьцуулахад өдөрт 2 шил шар айраг уудаг хүмүүс тулайгаар 2-2.5 дахин илүү өвчилдөг. Градус маш багатай шар айраг нь тулайн сэдрэлт өгөх эрсдэл багатай. Ихэнх алкохол хэрэглэдэг өвчтнүүд өмнөх өдөр нь алкохол ихээр хэрэглэсний дараа хөл хавдаад өвдчихлөө гэсээр ирдэг. Тиймээс хэдийгээр шээсний хүчил бууруулах эм тогтмол уудаг ч гэсэн архи их уусан л бол тулай сэдэрдэг.

Би маш их ус уух хэрэгтэй юу?

Өдөрт хамгийн багадаа 1.5литр ус уух хэрэгтэй. Ингэснээр үенд талст хэлбэрээр хадгалагдан үлдэх шээсний хүчлийг бөөрөөр хөөн зайлуулахад дөхөмтэй. Алкохолоос бусад төрлийн бүх шингэн шээсний хүчлийг гадагшлуулахад нөлөөлдөг.  Кофе нь цайтай харьцуулахад цусан дахь шээсний хүчлийг бага зэрэг бууруулах нөлөөтэй.

Тулайн эмийн эмчилгээ

2 төрлийн эмчилгээ байдаг. Үүнд:
1.      Хурц үрэвслийг намдаах буюу үрэвсэж улайсан үений өвдөлтийг намдаах эмчилгээ
2.      Урт хугацааны эмчилгээ буюу цусан дахь шээсний хүчлийн хэмжээг бууруулж, тулайн сэдрэлтээс сэргийлэх эмчилгээг хийнэ
Эхний цочмог үед эмч ихэвчлэн үрэвслийн эсрэг эм уухыг зөвлөдөг. Үүнд: ибупрофен, диклоденк, индометацин зэрэг эмүүд орно. Аспирин ууж болохгүй. Учир нь аспирин нь цусан дахь шээсний хүчлийн хэмжээг ихэсгэдэг. Хэрвээ дээрх үрэвслийн эсрэг эмүүдийг уугаад гаж нөлөөг нь тэсвэрлэж чадахгүй байгаа тохиолдолд стеройдын бүлгийн эмийг өгнө. Эсвэл колчицин өгдөг. Колчицин нь гаж нөлөө ихтэй эм учраас болж өгвөл хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. (дотор муухайрах, бөөлжих, шөрмөс татах, гүйлгэх гэх мэт) Нийт өвчтний зөвхөн 38%-д нь колчицин үйлчилдэг.
Хэрвээ сэдрэлт нь удаан үргэлжилсэн, олон үеийг хамарсан, бөөрөнд чулуу үүссэн бол аллопуринол гэдэг эмийг удаан хугацаагаар хэрэглэдэг. Пурин ихтэй хүнс хэрэглэхгүй байх хоолны дэглэм нь тэр бүрийд тус болдоггүй. Харин тулайн сэдрэлтээс сэргийлэхийн тулд хэвийн жиндээ очитлоо турах, өдөр бүр 2-3 литр ус ууж байх, архины хэрэглээг стандарт хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, шээс хөөх эм хэрэглэхгүй байх зэрэг болно.


No comments:

Post a Comment