Friday, March 25, 2011

Defense- Хамгаалах механизм

Энэ бичлэгийг яаж эвтэйхэн, уншихад сонирхол төрөхүйцээр оруулах вэ гэж би олон хоног тархиа гашилгалаа. Яагаад гэвэл энэ тун чухал сэдэв байгаа юм. Эндээс эмчилгээний тактик урган гарч ирнэ. Эхлэлийг нь зөв тавиад өгвөл эмч хүний ажилд ахиц гарахаар, гайгүй сайн "аминдэм" болно гэдэгт 100% итгэлтэй байна. За ямартаа ч бичихээр шийдлээ. Түүхий санагдвал хамаагүй хэлээрэй. Шүүмжид "нугасгүй" шүү, цаад чинь.
Бие махбодийн хамгаалах урвал буюу дархлааны систем сайн байгаа тохиолдолд өвчний эдгэрэлт түргэснэ. Энийг бол захын хүн мэднэ. Харин сэтгэцийн хувьд бид өөрсдийгөө таагүй, сөрөг цочруулаас хэрхэн яаж хамгаалдаг вэ?
1988 онд Валлиант гэдэг нөхрийн гаргасан ангиллаар бол хамгаалах урвалыг 4 түвшинд хувааж үздэг. Бид үүнийг хиймлээр албадан бий болгодоггүй. Хар аяндаа сөрөг цочруулд хүн бүр янз янзаар хариу урвал үзүүлдэг. Хамгийн гол нь, эмч гэдэг этгээд тухайн өвчтөнтэй ярилцах явцдаа уг хүний хамгаалах механизмыг зөв таних нь чухал.  " За энэ хүний хамгаалах механизм нь эрүүл эмгэгийн зааг дээр байгаа юм байна. Тэгэхээр аль болох эрүүл тал руу нь хөтлөхийн тулд ийм аргаар эмчилгээг хийгээд үзвэл үр дүн гарах нь" гэх мэтчилэн бодож тунгаах нээ.  
Жишээ: 35 настай эмэгтэйг нөхөр нь гэнэт хаяад явчихжээ. Энэ тохиолдолд юу болж болох вэ?
4-р түвшин - Гүйцэд боловсорсон хамгаалах механизм- Сэтгэцийн хувьд цоо эрүүл хүн 4 хувилбараар хариу урвал үзүүлдэг.
1. Suppression- Сөрөг сэтгэл хөдлөлөө дарах гэсэн оролдлого. Жишээ нь: "Нөхөр минь гэнэт орхиод явсан нь миний хувьд тун хүнд цохилт боллоо. Урам хугарч, гуниг төрж байна. Гэхдээ би энэ асуудлаас болж амьдралаа алдмааргүй байна. Ажлаа л сайн хийж явья даа" гэх хэлэх
2. Altruism- Сөрөг сэтгэл хөдлөлөө бусдад сайн үйл хийж дарах гэсэн оролдлого. Жишээ нь: "Би эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нийгэмлэгт гишүүнээр элссэн. Ядарч, зовсон олон хүнд тус болж байгаадаа баяртай байна" гэх.
3. Sublimation- Сөрөг сэтгэл хөдлөлөө ашиглан бүтээлч зүйл хийх гэсэн оролдлого.
 Жишээ нь: " Би " Хайртдаа хаягдсан хүний тэмцэл" гэдэг ном бичиж эхэлсэн." гэж ярих
4. Humor - сөрөг сэтгэл хөдлөлөө, шууд бус замаар, хошин байдлаар илэрхийлэх
" Азны юм боллоо. Би 10 кг хасах гэж хичнээн их зовлоо доо. Ингэж турж чадсандаа баяртай байна шүү" гэх
3-р түвшин- Шилжилтийн \ эрүүл эмгэгийн зааг\ хамгаалах механизм- Хүн тухайн үед, шууд сэтгэл зүйн дарамтанд орох эсвэл ирээдүйд сөрөг цочруултай холбоотой үйл явдал тохиолдоход дахин стрессдэх эрсдэл өндөр байдаг учраас гүйцэд боловсорсон хамгаалах механизмыг бодвол эрүүл чанар багатай гэж үздэг байна.
1. Denial- Сөрөг сэтгэл хөдлөл огт төрөөгүй гэж үгүйсгэх
Жишээ нь: " Нөхөр яваа л биз. Надад ямар хамаатай юм бэ? Огтхон ч сэтгэлээр унахгүй байна."  гэж хэлэх. Ойрын бас нэг жишээ гэвэл архинд донтсон хүн байна. Тэд " Би архичин бишээ. Би ажил амьдралаа алдаагүй хүн шүү. Та нар яагаад над руу дайраад байгаа юм бэ?" гэж уурлах нь олонтоо. Энэ бол сэтгэцийн талаас өөрийгөө хамгаалах үгүйсгэх хэлбэрийн тод жишээ юм.
2. Repression- юу гэж тайлбарламаар юм бэ дээ. Suppression гэхээрээ санаатайгаар сөрөг сэтгэл хөдлөлөө дардаг. Харин repression болохоор ухамсарт бус ухаанаар тухайн сөрөг сэтгэл хөдлөлийг мартдаг, гэхдээ арилаад алга болсон гэсэн үг биш юм. Тэр нь өдөр тутмын өөр зүйлс дээр муу нөлөөгөө үзүүлээд яваад байдаг. Жишээ нь: " Нөхөр явчихлаа гээд надад уурлаж гомдоод байх юм алгаа. Харин сүүлийн сар тувт толгой өвдөөд хэрэг алга" гэж хэлэх. Бас нэг жишээ гэвэл бид заримдаа онцгүй юм тохиолдохоор ажил, хичээлдээ явалгүй, өдөржин унтдаг. Буцаад нийгмийн хэвийн амьдрал руу орохоос татгалзах тохиолдол гардаг. Өөр нэг жишээ гэвэл багадаа хүчирхийлүүлж байсан охин хүүхэд нас биенд хүрсэн хойноо найз залуутай болох, бэлгийн харилцаанд ороход бэрхшээл үүсээд байдаг. Секс хийхэд өвдөөд байна гэдэг ч юм уу, энэ нь repression маягийн хамгаалах механизм юм.
3. Reaction formation- Хүсээгүй, аюултай бодол хүслээ эсрэгээр хөрвүүлж илэрхийлэх оролдлого Жишээ нь: " Нөхөр бид 2 салснаасаа хойш маш сайн найзууд болсон. Тэр үнэхээр гайхамшигтай сайн хүн." гэж хэлэх. Өөр нэг ойрын жишээ татвал зарим хүмүүс даргыгаа үзэн яддаг, ажлаасаа гармаар санагддаг мөртлөө яг даргатайгаа таарахаараа долоочих шахан магтаад л, хэт сайхан аашлаад байдаг.
4. Displacement- Сөрөг сэтгэл хөдлөлөө уг хүндээ очиж гаргахгүй, өөр тухайн асуудалд огт хамаагүй хэн нэгэн, өөрт нь хор хийхээргүй хүнд гаргах. Жишээ нь: " Нөхөр нь хаяад явсанд бухимдсан ээж хүүхэддээ уураа гаргах. Ажил дээрээ дарга болоод хамт ажиллагсаддаа уурласан уураа гэртээ ирээд хань ижил, үр хүүхэддээ гаргах" гэх мэт.
5. Rationalization - Би ийм болохоор сэтгэлээр унахгүй, уурлахгүй байна гэж худлаагаасаа шалтгаан зохиох байдлаар өөрийгөө хамгаалдаг нэг хэлбэр юм. Жишээ нь:  уг бүсгүй нөхөртөө маш их хайртай, нөхрийгөө гайхалтай хүн гэж үнэн сэтгэлээсээ бишрэн боддог байв. Тэгтэл гэнэт нөхөр нь хаяад явчихсанд балмагдаж цочирдсон мөртлөө тэрийгээ ил гаргалгүй " тэр уулаасаа шаал тэнэг амьтан байсан юм. Явсан нь ч болж. Тэртээ тэргүй би амьдралаа шинээр эхлэе гэж бодож байсан юм." гэж ярих жишээтэй
2-р түвшин- Боловсорч гүйцээгүй " хүүхдэрхүү" хамгаалах механизм
Өсвөр насны хүүхдүүдийн хувьд бол хэвийн гэж хэлж болно. Харин насанд хүрэгчдийн тухайд доорх хувилбарыг хэрэглэж заншсан бол өөрт болоод өрөөлд хор нөлөөтэй. Тиймээс эрүүл хамгаалах механизм гэж үзэхэд бэрх юм.
1. Passive aggression- уураа шууд бус замаар, идэвхигүйгээр илэрхийлэх Жишээ нь: нөхрийнхөө бүх зүйлийг гаргаж хаячихаад, авах гээд ирэнгүүт нь " өө хонгор минь, уучлаарай. Би бүгдийг нь буяны байгууллагад хандивлачихсан шүү дээ. Чамд хэрэг болно гэж огт санасангүй" гэж хэлэх
2. Acting out- сөрөг сэтгэл хөдлөлөө шууд үгээр хэлэхгүй мөртлөө үйлдлээр илэрхийлэх Жишээ нь: Хаяад явангуут нь нөхрийнхөө амар заяаг үзүүлэхгүй болж эхлэнэ. Шөнө ид унтаж байх цагаар нь 5 минут тутамд утас руу нь залгах гэх мэт. Өөр бас бус ойрын жишээ гэвэл хэрэлдэхээрээ шил шаазангаа хагалдаг, хана цохидог, эсвэл стресстэхээрээ өөрийгөө зүсдэг, сэтгэлийн зовиураа биеийн өвдөлт болгон мэдрэх гэж оролддог гэх мэт.
3. Dissociation - орчноос тасрах, цаг хугацаа өнгөрч байгаа эсэхийг анзаарахаа болих, тухайн сэтгэл зүйн сөрөг цочрол өгсөн хүн болоод үйлдлийг эргэж санахгүй байх. Жишээ нь:
 " Өнгөрсөн долоо хоногт юу болсныг би сайн санахгүй байна. Нөхөр минь намайг орхиод явсан билүү? Там тум юм л санаанд ороод байх чинь" гэж ярьж байвал энэ хувилбарын хамгаалах механизмтай хүн байхнээ.
4. Projection- Тухайн хүний бодоогүй, хийгээгүй зүйлийг хийсэн гэж итгэх. Ялангуяа бусдад хэлэхийг хүсээгүй сөрөг сэтгэл хөдлөл төрсөн үед үүнийг өөрийн мэдэлгүй хэрэглэдэг. Жишээ нь: Би бүр яг мэдээд байнаа. Тэр новш намайг хаяж явсан уу, гүй юу намайг бүх найзууддаа хэлэх хэлэхгүй үгээр муулж байгаа даа" гэж ярих. Өөр жишээ татвал зарим хүмүүс өөрийнхөө юу хүсээд, яах гээд байгаагаа мэдэхгүй тохиолдолд өөр хүнд бурууг тохдог. Тэр намайг огт сонсохгүй юм гомдоллодог мөртлөө яг бодит байдал дээр өөрөө тэр хүнээ сонсдоггүй байх жишээтэй.
5. Splitting (Idealization/ Devaluation)- Өмнө нь төгс хүн гэж боддог байсан хүнээ өөрт нь тааламжгүй зүйл хиймэгц 100% эсрэгээр тэр хүний талаарх үнэлэмж өөрчлөгдөх. Жишээ нь:
" манай хуучин нөхөр бол жинхэнэ муу хүн. Тамд очиж, шарагдаж үхвэл таарна." гэх хэлэх
1-р түвшин- Эмгэг хамгаалах урвал- Энэ нь сэтгэцийн эмгэг рүү хөтөлдөг байна.
1. Denial of external reality-  бодит үнэнийг хүлээн зөвшөөрөхгүй байх Жишээ нь: "Манай нөхөр намайг хаяж яваагүй" гэвэл сэтгэцийн эмгэгтэй болох эрсдэл өндөр байна гэж дохио авахнээ.
2. Distortion of external reality- Бодит үнэнээс хол зөрүү юм ярих, бодит амьдралаас тасарсан юм яриад эхэлбэл анхаар. Жишээ нь: " Манай нөхөр яалаа гэж намайг орхих юм бэ? Тэр ажлаар хөдөө явчихсан. Ирэх 7 хоногт эргэж ирнэ" гэж ярьж байвал эрсдэлтэйн шинж.

ЗӨВЛӨМЖ: Өвчтөнтэй ярилцах явцдаа ямар төрлийн хамгаалах механизм хэрэглэж байгааг олж танихийг хичээ. Тэгвэл өвчний тавиланг тодорхойлох боломжтой. Хэрвээ 3-р түвшний хамгаалах механизм хэрэглэдэг хүн байвал зан төрхийн эмгэгтэй байх эрсдэл өндөртэй. Тиймээс тэр талын онош тодруулах асуулт тавь. Харин 4-р түвшний хамгаалах механизмтай хүн байвал тэмцэх чадвар өндөртэй өөрөөр хэлбэл тавилан сайтай гэсэн үг. Мөн эмч та өвчтөнтэй ярилцах явцдаа өөртөө доорх асуултуудыг тавьж хариуг нь олохыг хичээгээрэй. Үүнд:
1. Өвчтөн сэтгэцийн талын өвдөлтөө ямар үгсээр илэрхийлж байна вэ? Ямар өнцгөөс харж байна вэ?
2. Энэ өвчтний хамгаалах механизм нь эрүүл үү эмгэг үү?
3. Эрүүл механизмтай хүн бол амархан эдгэрнэ. Тэгэхээр би энэ хүнийг эмчлэхийн тулд аль механизмийг нь тодотгон дэмжиж, алийг нь бууруулж, дарж ажиллах вэ? гэх мэт.

Cognitive- behavioral treatment \CBT\, coping skill гээд дэлхий даяар яриад байгаа эмчилгээний аргын үндэс нь явж явж хамгаалах механизм дээр ирж таарах юм биш үү?



Monday, March 21, 2011

DSM-4 mnemonics - 3-р хэсэг

10. Somatization disorder- Өвчирхэх эмгэг
Бие өвдлөө гээд эмчид үзүүлээд, шинжилгээ хийлгэхээр ямар нэгэн эмгэг байхгүй байна гээд байдаг даа. За энэ тохиолдолд сэтгэцийн эмчээс зөвөлгөө авах хэрэгтэй. Гэхдээ сэтгэцийн энэхүү оношийг тавихад 8 шалгуур шинжээс 8-уулаа илрэх ёстойг анхаарна уу? Өвчтний нас 30-аас доош байна. Өвдөөд байна гэвэл яг хаана хаана чинь өвдөж байна гэж тодруулна. Жишээ нь:  гар, хөл, хүзүү, нуруу гэдэг ч юм уу дор хаяж биеийн 4 хэсэгт өвдөлттэй байна. Дараа нь хоол боловсруулах замын талаас өөрчлөлт байна уу? жишээ нь: дотор муухайрах, бөөлжих, унгах, хэхрэх, гүйлгэх гэх мэт. Эндээс 2 шинж заавал байж таарах нээ. Тэгээд секстэй холбоотой асуудал байгаа эсэх, эмэгтэй өвчтөн бол сарын тэмдгийн хямрал байгаа эсэхийг тодруулаад эндээс нэг шинж гарч ирэх учиртай. Сүүлийнх нь мэдрэлийн системтэй холбоотой зовиур 1 байна. Жишээ нь: хараа, сонсгол, тэнцвэрт өөрчлөлт гарсан эсэх, булчин сулрах, бадайрах, муурч унах, таталт өгөх гэх мэт.
11. Delirium - Дэмийрэл
Medical cause - өвчний шалтгаантай үүснэ
Fluctuating course - намжих, сэдрэх гэсэн долгион хэлбэрээр явна\ хоногийн 24 цагт\
Recent onset - цочмог эхэлнэ
Attention impairment - анхаарал төвлөрөхгүй байх
Thinking impairment - сэтгэн бодох чадвар алдагдах
12. Dementia - Тэнэгрэл
Memory impairment - санах ой алдагдах \ заавал байх шинж\
Behaviour disorganization - энгийн, өдөр тутмын үйлдлүүдээ хийж чадахаа байх Жишээ нь: хувцсаа өмсөхөд бэрхшээл үүсэх, товчоо яаж товчилдогоо мэдэхээ байх
Recognition impairment - танил эд зүйлс, дотны хүмүүсээ танихаа байх
Executive functioning impairment - энгийн шалгах арга бол цаг зуруулаад үз, тоонуудыг нь буруу байрлуулах, алгасах зэрэг алдаа гаргаж болно
Word problems - оноосон нэр санахаа болих , харандаа, цаг, ор гэх мэт зүйлс лүү заагаад өвчтнөөр нэрлүүлэх гээд үзэхээр андашгүй, хэлж чадахгүй байна, гэхдээ юунд хэрэглэгддэгийг тайлбарлаж хэлж чадна.
13. Attention- deficit hyperactivity disorder
Movement excess - хэт хөдөлгөөнтэй байх жишээ нь: сандал дээрээ тогтож сууж чадахгүй байх, өөрийн ээлжээ хүлээж чадахгүй байх гэх мэт
Organization problems - энгийн даалгавар өгөхөд биелүүлж чадахгүй, дуусгаж чадалгүй орхих, хэрэглэгдэх зүйлсээ хаях гэх мэт
Attention problems- анхаарал төвлөрөлт маш муу байх, амархан сарних, сонсохгүй байх, амархан мартах, анхаарал шаардсан даалгаврыг биелүүлэхээс татгалзах гэх мэт
Talking impulsively- хэт их ярих, хүний яриаг тасалж орж ирэх, чимээгүй тоглож чадахгүй байх, хаа хамаагүй, утгагүй хариултаар булах гэх мэт



Sunday, March 20, 2011

DSM-4 mnemonics - 2-р хэсэг

Архины талаар бичсэн. Архи өөрөө сэтгэц нөлөөт бодисын тоонд орж явдаг. Тиймээс архи, хар тамхи болон бусад бэлдмэлүүдийн донтолтын оношлогооны шалгуур шинж адилхан тул алгаслаа. За дараагийнх нь
6. PANIC ATTACK - МУУРЧ УНАХ \ ШОК\
Зүрхний талаас гарах 3 шинжид цээж давчдах, дотор муухайрах, зүрхний цохилт хурдсах орно.
Амьсгалын талаас гарах 5 шинжид амьсгаа давхцах, толгой эргэх, бадайрах, даарах эсвэл хамаг бие халуу шатах, хахаж байгаа мэт мэдрэмж төрөх орно. Сүүлийнх, айдастай холбоотой 5 шинжийг тоочвол үхэхээс айх, галзуурч солиорохоос айх, чичрэх, хөлрөх, хиймэл орчинд байгаа мэт сэтгэгдэл төрж, өөрөө өөрөөсөө  айх зэрэг болно. Эдгээрээс 4 нь таарч байвал паниктсан байна гэж үзэж болохнээ.
7. Obsessive- compulsive disorder - Төгс төгөлдөржих эмгэг
I am a perfectionist гэж хэлж байгаа хүн бол бас л "но"-той байхнээ. Байсхийгээд л гараа угаадаг \өдөрт 10-20 удаа\, гэрээсээ гарахаасаа өмнө гэрлээ унтрааж уу, хаалгаа түгжсэн үү гэж хэт олон дахин шалгадаг, өглөө ажилдаа явах гэж 2-3 цаг болдог, янз бүрийн дугаар байнга харж явдаг, тодорхой шалтгаангүйгээр юм тоолдог, нэрлэдэг гэх мэт шинжүүд илэрнэ. Өөрөөр хэлбэл амьдралд хэт нухацтай ханддаг, байнга ямар нэгэн зүйлд санаа зовж явдаг, амрах, зугаалж цэнгэх зэрэгт дургүй байгаад байвал энэ эмгэгээр өвчилсөн байж магадгүй юм. Шалгуур шинжид угаах, цэгцлэх, шидэт үг, тоо шивнэж явах, хийсэн зүйлээ олон дахин давтан шалгах, сурталчилгааны самбаруудыг алгасалгүй харж уншиж явах зэрэг орно.
8. Posttraumatic stress disorder - Гэмтлийн дараах стресстэх эмгэг
Шалгуур шинжид:
Осолд орох, байгалийн гамшигт өртөх, хүнд зодуулах, хүчинд автагдах гэх мэт таагүй томоохон гэмтэл авсан байх
Remembers- тухайн таагүй явдлын талаар байнга санах \ толгойноос нь тухайн үйл явдал гарахгүй байх\
Atrocious- тухайн гэмтэлтэй холбоотой зүйлсээс зайлсхийх \ жишээ нь: машины осолд орсон бол дахин машин барихаас зайлсхийх, дургүйлхэх\
Nuclear- амьдрах сонирхолгүй болох, өмнө нь дуртай хийдэг байсан зүйлсээсээ хөндийрөх, найз нөхдөөсөө холдох гэх мэт
Attacks- нойргүйдэх, анхаарлаа төвлөрөхгүй байх, амархан уурлах, айж цочих гэх мэт шинжүүд хамгийн багадаа гэмтлээс хойш нэг сар түүнээс удаан үргэлжилсэн бол PTSD гэж оношилно.
9. Generalized anxiety disorder-
Ямар нэгэн зүйлд 6 сар болон түүнээс дээш хугацаагаар санаа зовж яваа хүн мөн бол шалгуур шинжүүдээ илрүүлнэ.
Muscle tension - булчингаар өвдөх
Fatigue - ядрах
Concentration problems- анхаарал сулрах
Restlessness - "зүүн дээр суучихсан юм шиг" гэдэг үг байдаг тэр.
Irritability - амархан уурлах
Sleep problems- нойронд асуудал үүсэх
Амархан цээжлэхийн тулд өөрийгөө өвчтний оронд тавиад бод. Хэрвээ та ямар нэгэн зүйлд онцгойлон санаа зовоод л яваад байх юм сүүлдээ нойр хүрэхээ байна. Шөнө унтахгүй болохоор өдөр ядарна. Өдөр ядраад байгаа болохоор анхаарал төвлөрөхгүй, юм хийхээс дургүй хүрч уур уцаартай болно. Дагаад бие ч хөшнө, булчин ч хөндүүрлэнэ, зөв үү ккэ.

DSM-4 mnemonics - 1-р хэсэг

Major depression-  SIGECAPS 4\8
Dysthymia- ACHEWS  2\6
Manic episode- DIGFAST 3\7
Sunstance abuse - Tempted With Cognac 3\7
Alcoholism - CAGE 2\4
Panic attack - Heart 3
                      Breathlessness 5
                      Fear 5
                                   4\13
Obsessive- compulsive disorder - Washing and Straightening Make Clean Houses 1\5
Posttraumatic stress disorder - Remembers -1, Atrociuos -3, Nuclear-3, Attacks-2
Generalized anxiety disorder - Macbeth Frets Constantly Regarding Illicit Sins - 3\6
Somatization disorder- Recipe 4 Pain: Convert 2 Stomachs to 1 Sex
Dementia- Memory BREW \Memory1+1\4\
Delirium - Medical FRAT 5\5
Attention- deficit hyperactivity disorder - MOAT - 6/9
Borderline personality disorder - I DESPAIRR

Дээр сэтгэцийн эмгэгийн оношийг ямар шалгуураар тавих вэ? гэдгийг товчлоод биччихлээ. Арын 2 тоо нь нийт тэдэн шалгуураас тэд нь байвал тухайн оношыг тавина гэсэн үг.
За эхнээс нь монгол руу хөрвүүлээд явах гээд үзье.
1. CЭТГЭЛ ГУТРАХ ЭМГЭГ \ их\
Тандах асуулт 1: Таны сэтгэл санаа онцгүй байна уу? \ Та гутранги хүн мөн үү?\
                         2: Сүүлийн 2 жилийн хугацааг бодоод үзье. Та ихэнхидээ гунигтай байв уу?
Энэ 2 асуултанд "тийм" гэсэн хариу авсан бол одоо онош тавих шалгуур шинжүүдээ асууна.
Sleep disorder - Та нойрондоо хэр вэ? \ бага унтах эсвэл хэт их унтах\
Interest deficit - Өмнө нь тааламжтай хийдэг байсан бүх зүйлд сонирхол буурах \anhedonia\
Guilt- Бүх зүйлд өөрөө л буруутай юм шиг санагдах
Energy deficit - Эрч хүчгүй болох
Concentration deficit - Анхаарал төвлөрөхгүй байх
Appetite disorder - Хоолны дуршил хэт нэмэгдэх эсвэл муудах
Psychomotor retardation or agitation - ярилцах явцдаа өвчтнөө ажигла. Хуруу гараараа оролдоод л, байж сууж чадахгүй илүү хөдөлгөөн хийгээд байх эсвэл эсрэгээр огт хөдлөхгүй, хөдөлж ядах
Suicidally - Амиа хорлох бодол төрөх
2. DYSTHYMIA - СЭТГЭЛ ГУТРАХ ЭМГЭГ \бага\
Тандах асуулт дээрхтэй ижил. Гэхдээ бас ингэж асууж болох юм. Та хамгийн сүүлд хэзээ маш ихээр хөөрч баярласан бэ? - Өө, тэгэж баярлаагүй хичнээн ч жил болчихов доо гэж хариулвал  бараг л онош гараад ирлээ гэж үзэж болно. Үргэлжлүүлээд шалгуур шинжүүдээ баталгаажуулаад явахнээ.  Гэхдээ мэдээж асуултаа хэрхэн яаж зөв тавих нь эмч таны ур чадвараас шалтгаална.  Тэрийг уншигч таны мэдэлд үлдээе.
Appetite disorder
Concentration deficit
Hopelessness - амьдралд итгэх итгэлгүй болох
Energy deficit
Worthlessness - өөрийгөө үнэ цэнэгүй болсонд тооцох
Sleep disorder
3. MANIC EPISODE - СОЛИОРЛЫН ХУРЦАДМАЛ ҮЕ
Тандах асуулт1:  - Танд маш их баяр төрөөд л, юуг ч хийж чадмаар санагдсан үе байгаа юу? Тэр үед найз нөхөд, ойр дотны хүмүүс чинь таныг нэг л хачин болчихож, эсвэл ямар хурдан ярьдаг болчихов оо гэж гайхан хэлж байсан уу? Сэтгэл санаа өндөр байх үе чинь 7 хоног орчим үргэлжилсэн үү?
                     2: -  Танд огцом уурлаж, хэнтэй ч хамаагүй хэрэлдмээр санагдаж байсан үе байгаа  юу?                       Хэн нэгэн таныг галзуу амьтан гэж хэлж байсан уу?
Дээрх 2 асуултанд тийм гэж хариулвал шалгуур шинж лүүгээ орно.
Distractibility- бодол тасалдах \ Орчны зүйлс байнга таны бодлыг тасалдуулаад байгаа юм шиг санагдаж байсан уу? \
Indiscretion - өөрт таатай санагдсан үйл хэрэгт хэт их хүч гарган оролцох
\ Та ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохдоо өөртөө болон гэрийнхэндээ төвөг удсан зүйл хийж байсан удаа бий юу? жишээ нь: машинаар хэт хурдан давхих, гэнэт маш их мөнгө үрэх гэх мэт\
Grandiosity- өөрийгөө хэт өндөрт үнэлэх \ Танд бусдаас нэг л өөр хүн болчихсон мэт мэдрэмж төрж байсан уу? Энэ хорвоо дээр амьдарч байгаа улсаас ганцхан миний л зөв, бусад нь бүгд худалч амьтад гэсэн бодол төрж байв уу? Та дэлхийг ч захирч чадах мэт санагдаж байв уу? гэх мэтээр асууж болох юм.\
Flight of ideas - Нэг дор хэт олон санаа төрөх
\ Танд заримдаа бодлоо гүйцэхгүй мэт санагдаж байв уу? Гэнэт нэг дор маш олон сайхан санаа төрж байсан уу? Тэдгээр санаа бодлоо бусадтай хуваалцах гэхэд бусад хүмүүс ойлгохгүй удаад байсан тал бий юу?\
Activity increase - энэ нь Indiscretion-тэй төстэй. Гэхдээ сэтгэлийн хэт их хөөрлөө хянах боломжгүй болохыг хэлнэ. Жишээ асуултууд: Та өмнөхөөсөө илүү идэвхитэй болсон уу? Та сүүлийн үед тасралтгүй шинэ содон хобби нээн олж, завгүй ажиллаад байна уу? Заримдаа та тайвширч чадахааргүй тийм их эрч хүчтэй болчихоод байх шиг санагдаж байв уу?
Sleep deficit- бага унтах \ Танд нойр хэр их чухал вэ? Зарим шөнө та унтахын оронд хүмүүс рүү утсаар ярьж, их ажил амжуулмаар санагддаг уу? Тийм үе тохиолдов уу?\
Talkativeness- хэт их ярих \ та өмнөхөөсөө илүүтэй олон цагийг утсаар ярьж өнгөрөөдөг болсон уу? Хүмүүс таныг ярьж байхад зогсоох хэцүү юм гэж хэлж байв уу? Та ч өөрийгөө зогсолтгүй их ярьж байна даа гэж ер нь бодож байсан уу?\





Thursday, March 17, 2011

ALCOHOLISM- Архинд донтох эмгэг-1

First you take a drink, then the drink takes a drink, then the drink takes you. F. Scott Fitzgerald

Өнөөдрийн сонирхол татсан тохиолдлоор архинд донтсон нэгэн нөхрийг онцолж байна. Сургамжтай гэдэг үүднээс нь жишээ оруулж байгаа ч  гол нь сэтгэцийн эмч  энэ эмгэгийг яаж оношилдог вэ? гэдэг тал дээр илүүтэй тодотгож бичихээр шийдлээ. Түүнийг А гэе. Тэр 55 настай, сүүлийн 15 жил тасралтгүй архи ууж байгаа. Хамгийн сүүлд 1 сар тасралтгүй архи ууж яваад, хордлогонд ороод, эмнэлэгт хандсан. Сэхээний тасагт цочмог панкреатит, олон эрхтний дутагдал гэсэн оношоор эмчлүүлж байна. Хүүтэй нь уулзаж ярилцав. Аав нь өдөр өнжилгүй архи уудаг, жилд 4 удаа эмнэлэгт хэвтдэг. Тэгээд гайгүй болоод гармагцаа дахиад уудаг. Энэ удаагийнх бас л нэг уналт биз,  тэгтлээ санаа зовохгүй байна гэж хэлж байх юм. Магадгүй энэ удаа  сүүлчийнх байж мэднэ. Амин чухал үзүүлэлтүүд тогтворгүй, шинжилгээнүүд тун тааруу гарч байгаа. Сэтгэцийн талаас архинаас хамааралт,  alcohol withdrawal syndrome \ энийг орчуулж мэдэхгүй байна, уучлаарай\ гэсэн онош тавьсан. Бензодиазепины бүлгийн эм болох Лоразепинийг 1 мг-аар 6 цагийн зайтай тарих, даралт, пульс хэвийн болж, тремор арилж, шөнө унтдаг болоод ирвэл эмийн хоногийн тунг 10-25%-аар өдөр өдөрт нь бууруулсаар хасах төлөвлөгөө гаргаж өгөв. Өвчтний бөөр, элэг гайгүй бол лора-г 2 мг-аар хоногт 8- 16 мг хүртэл хийж болно. Эмийн үйлчлэх механизм болон архи тархинд ямар нөлөө үзүүлдэг талаар дараа дэлгэрэнгүй бичих тул энэ хүрээд зогсое.
Withdrawal syndrome гэж юу билээ?
Энэ нь дотроо их, бага гэсэн 2 хэсэгтэй. Бага нь архи уухаа зогсоосноос хойш эхлээд 2 хоног үргэлжилнэ. Рефлекс өндөрсөх, уур уцаартай болох, дотор муухайрах, нойргүйдэх, хөлрөх, чичирч салганах, булчин сулрах гэх мэт шинжүүд илэрнэ. Их  нь 2-оос 3 дахь хоногт илэрнэ. Үүнд: юм амархан мартах, халуурах, хий юм харах, даралт ихсэх, амьсгал, пульс олшрох, дэмийрэх гэх мэт шинжүүд дээр үндэслэн withdrawal syndrome гэсэн оношийг тавина.
За тэгвэл архинаас хамааралт болон архинд донтох гэсэн 2 оношийг ямар шалгуур дээр үндэслэн тавиад байна вэ?
Хариулт 1:
DSM-4 -өөс гаргасан архинаас хамааралтай эсэхийг үнэлэх шалгуур 7 шинж байдаг. 3-аас илүү нь таарч байвал онош батлагдана. Үүнд:
1. Архи даадаг болох
2. Архи уухаа зогсоомогц  Withdrawal syndrome илэрдэг байх
3. Архи уусан үедээ хяналтаа бүрмөсөн алдах
4. Бодсоноосоо ямагт илүү ихийг уух
5. Архинаас гарахыг хүсдэг, оролддог боловч тэр бүхэн амжилтгүй болсон гэх өгүүлэлтэй байх
6. Амьдралынхаа ихэнхи цагийг архитай холбоотой зүйлд зарцуулах \ архины хордлого тайлах эмчилгээнд хамрагдах гэх мэт\
7.  Ажил, гэр бүл, амралтаа өнгөрүүлэх зэрэгт зарцуулдаг цаг нь эрс багасаж ирэх, архи хортой гэдгийг мэдсээр мэдэрсээр байж хэрэглэсээр байх
Хариулт2:
Архинд донтолт гэсэн оношийг тавихын тулд доорх шалгуур шинжүүдээс хамгийн багадаа нэг нь зайлшгүй байх хэрэгтэй. Үүнд:
1. Ажил болон \сургууль\, гэртээ биелүүлэх ёстой гол үүргээ биелүүлж чадахаа болих
2. Архинаас болж биедээ дахин давтан ноцтой гэмтэл авч байсан
3. Архинаас болж хэрэгт орж, цагдаад баривчлагдаж байсан
4. Архинаас болж томоохон ноцтой асуудлуудад хутгалдсаар байгаагаа мэдсээр байж уухаа зогсоож чадахгүй байх

Архичин болсон эсэхийг яаж мэдэх вэ?
Ярилцагч этгээддээ за 2-лаа илэн далангүй дотно яриа өрнүүлье гэдгээ эхлээд эвтэйхнээр хэлж ойлгуулна. Тэгээд тандах асуулт тавьж эхэлнэ. Эхнийх нь " Та ер нь алкохольный төрлийн зүйл хэрэглэх дуртай юу?" Тийм гэвэл " Хамгийн сүүлд хэзээ та нэг өдөрт 5-аас дээш \эрэгтэй бол\, 4-ээс дээш \эмэгтэй бол\ "drinks" уусан бэ?" гэж асууна. Сүүлийн 3 сар дотор гэж хариулсан хүмүүсийн 50% нь архины тал дээр асуудалтай байдаг учраас  CAGE асуумжыг үргэлжлүүлэн бөглүүлнэ.  Энэ асуумжаас 2-т нь тийм гэж хариулвал 90-95% нь архинаас хамааралт эсвэл архинд донтох эмгэгтэй болчихсон байдаг. Өөрөөр хэлвэл архитай холбоотой тандах асуумжуудаас хамгийн мэдрэг чанар өндөртэйд тооцогддог чухал асуумж байхнээ.
1. Танд ер нь уухаа багасгах хэрэгтэй юм байна гэж бодож байсан удаа бий юу?
2.  Таны архины хэрэглээнээс болж, хэн нэгэн ойр дотны хүн тань гомдол мэдүүлж, уурлаж байсан тохиолдол гарч байсан уу?
3.  Архи уусандаа эвгүйцэж, дахин ёстой уухгүй гэж бодож байсан удаа бий юу?
4. Архи уусны маргааш нь архиар шараа тайлж байсан удаа байгаа юу?

Энэ удаад ингээд дуусгая. \Үргэлжлэл байгаа.\



P.S Манай Монгол далай байхгүй, дэлхийг цочоож буй цунами хэмээх гамшигаас айх аюулгүй орон хэдий ч архи гэгч хорт могой бидний цөөхөн ард түмнийг цунами-аас илүүтэй чимээгүйхэн залгиж байгаа энэ нийгмийн гашуун үнэнг бодохоор сэтгэл минь өвдөж энэхүү бичлэгийг оруулсан болно. 

Monday, March 14, 2011

Товч - Сэтгэцийн байдлыг үнэлэх сорил

Энэ нь өвчтний танин мэдэх, сэтгэн бодох чадварыг богино хугацаанд үнэлэх боломжтой практикт өргөн хэрэглэгддэг 30 онооны сорил юм. 1975 онд Фолстэйн эмч зохиосон. Тэнэгрэлийг оношлох гол сорил гэж явдаг ч мэдрэл, дотоод шүүрэл болон мэс засгийн тасагт эмчлүүлж байгаа тархины гэмтэлтэй, мэдрэлийн эмгэгтэй, санах ой болон танин мэдэхүйн хувьд асуудал үүссэн гэж сэжиглэж байгаа дэмийрч буй өвчтнүүд, хөгшид, мөн тухайн өвчтөн хуулийн бичиг баримтанд шийдвэр гаргаж, гарын үсэг зурахуйц эрүүл ухаантай байгаа эсэхэд эргэлзсэн тохиолдол бүрт энэхүү сорилыг ашиглаж болно. Дотроо 5 хэсэгтэй. Үүнд: Орон зай, цаг хугацаа, хүний баримжаа, Давталт, Анхаарал ба бодолт, Эргэн санах, Хэл яриа тус тус багтана. Тайланд - сэтгэцийн байдлыг үнэлэх сорил их хувиасаа бага зэрэг өөр байна лээ. Харьцуулаад үзсэн чинь анхаарлыг тусад нь нэг хэсэг болгон задалж оруулсан, баримжаа шалгах 10 асуултыг 6 болгож товчилсон, хэл ярианы хэсгийн 1 асуултыг хасч хийсэн байв. За ямартаа ч сурч байгаа газрынхаа хувилбарыг орчуулан энд оруулая гэж бодлоо. Үнэлгээний хувьд 25-30 оноо авбал хэвийн эрүүл, 20-24 оноо бол эмгэг, 20-аас бага оноо авбал хүнд хэлбэрээр танин мэдэх, сэтгэн бодох чадвар алдагдсан хэмээн үнэлж байна.

1 хэсэг -  Орон зай, цаг хугацаа, хүний баримжаа \ Зөв хариулт бүр 1 оноо- нийт 6 оноо\
1. Яг одоо өглөө болж байна уу, өдөр үү, орой юу?
2. Өнөөдөр хэдний өдөр вэ?
3. Сувилагчийн зураг үзүүлээд энэ хүн ямар мэргэжилтэй вэ гэж асууна.
4.  Бид одоо хаана байна?
5.  Энэ жил ямар жил вэ? Хэдэн он бэ?
6.  Хэдэн сар вэ?
2-р хэсэг- Давталт\ Зөв хэлсэн үг бүр 1 оноо- нийт 3 оноо\
 За та " Бөмбөг, сандал, хүн" гэж хэл дээ. Та энэ 3 үгийг мартаж болохгүй шүү. Би жаахан байж байгаад дахиад асууна гэдгээ хэлнэ.  3 үгийг хэлэхдээ нэгийг нь 1 секунд байхаар аажуу, тод хэлнэ. Тэгээд өвчтөн 3 үгийг 3-ланг нь хэлж чаддаг болтол нь давтуулна.
3-р хэсэг - Анхаарал  \ Зөв хэлсэн гариг бүр 1 оноо- нийт 5 оноо\
Та баасан гаригаас уруудуулж даваа гариг хүртэл хэл дээ гэнэ.
4-р хэсэг - Бодлого \ зөв бодох бүр 1 оноо- нийт 4 оноо\
100-7-7-7-7
5-р хэсэг- Эргэн санах \ 1 үг санаж байвал 1 оноо- нийт 3 оноо\
2 хэсэгт хэлсэн 3 үгийг дахин асууна.
6-р хэсэг - Хэл яриа -нийт 9 оноо
1. Өвчтөнд цаг, бал 2-ыг ээлжлэн харуулж юу болохыг нь асуулна. Зөв хэлсэн хариулт бүр 1 оноо- нийт 2 оноо авах ёстой.
2. Өвчтнөөр 3 үетэй команд биелүүлнэ үү гэж хүснэ. " За та баруун гартаа энэ цаасыг бариад, голоор нь нугалаад, шалан дээр тавь даа." гэж хэлнэ. Зөв үе бүр 1 оноо, нийт 3 оноо өгнө.
3. Цаасан дээр дармал, том үсгээр " Нүдээ ань" гэж бичсэн байна. Тэрийг уншуулж, бичсэн командыг биелүүлэхийг хүснэ. Зөв биелүүлвэл 1 оноо
4. Өвчтнөөр дуртай өгүүлбэрээ бичнэ үү гэж хүснэ. Өгүүлбэрт нь нэр үг, үйл үг, тусагдахуун бүгд байвал 1 оноо өгнө.
5. " Үгүй, хэрвээ, ба, гэвч" гэсэн үгсийг хэлээд өвчтнөөр давтуулж шалгана. Зөв хэлбэл 1 оноо
6.  Дээрх дүрсийг харуулаад, өвчтөнөөр дуурайлгаж зурна уу гэж хүснэ. Хэрвээ зөв зурвал 1 оноо өгнө.




















Sunday, March 13, 2011

Mental health -3 DELIRIUM буюу Дэмийрэл


Delirium - Дэмийрэл гээд орчуулчихая.
 \ Буруу бол засаад хэлээд өгөөрэй, please\
Энд өвдөлтийн эмчилгээнд хэрэглэгддэг эмнүүдээс болоод ялангуяа морфиноос болж, өвчтөн дэмийрээд байна, яаралтай ирнэ үү гэсэн дуудлага тасгуудаас их ирдэг. Сэтгэц, өвдөлт, хөнгөвчлөхийн эмч нарыг ихэвчлэн дууддаг. Монголд бол ингэтлээ мэргэжсэн тусгай баг дуудах боломж ховор тул хүнд өвчтөнтэй нүүр тулж буй ямар ч мэргэжлийн эмч мэдэж байх хэрэгтэй гэсэн утгаар энэ бичлэгийг оруулж байна. 
Шалтгаан:

I WATCH DEATH - \Би үхлийг харж байна. Энэ нь өвчтөн нас барах эрсдэл өндөр байдагтай холбоотой. Доорх шалтгаануудыг цээжлээд авчихвал эмчилгээний тактикаа цаг алдалгүй, зөв боловсруулахад тун их тус болно доо\







I- Infection \ халдвар\

W- Withdrawal of substance or alcohol \ эм бол архийг гэнэт хасах\
A-  Acute metabolic change \ цочмог метаболизмийн хямрал, жишээ нь: ацидоз, электролитийн өөрчлөлт\
T-  Trauma, severe burns \ гэмтэл, хүнд зэргийн түлэгдэл\
C-  CNS pathology \ Төв мэдрэлийн системийн эмгэг жишээ нь: хавдар, буглаа, гематом гэх мэт\
H-  Hypoxia \ хүчилтөрөгчийн дутагдал\

D- Deficiencies of Vit B12, folate, thiamine, niacin \ аминдэмийн дутагдлууд, ялангуяа В-ийн төрлийнх\
E-  Endocrinopathies \ дотоод шүүрлийн эмгэг, жишээ нь: гипотиреодизм\
A-  Acute Vascular Disease \ цочмог судасны эмгэг\
T-  Toxin of drug \ эмийн хордлого\
H-  Heavy metals \ хүнд металлын хордлого\

                                                         Дэмийрэл гэж юу билээ?

Сэтгэц талаас гаргасан тодорхойлолтоор бол өвчтний ухаан санаанд өөрчлөлт орох \ орчноо мэдрэх чадамж буурах, анхаарал сулрах, шилжих, удаашрах гэх мэт\, танин мэдэх үйл ажиллагаанд өөрчлөлт орох \ санах ой, цаг хугацаа, орон зайн баримжаа алдагдах\, явц нь цочмог эхэлж, хоногийн дотор сайжрах дордох гэсэн үелзэлээр явагддаг ямар нэг өвчний үед 2-догчоор үүсдэг эмгэг шинж юм. Хөгшин хүмүүст тохиолдох нь их тул тэнэгрэлээс ялган оношлох шаардлагатай. Тэнэгрэлийн явц тогтонги байдаг бөгөөд анхааралд өөрчлөлт ордоггүй, санах ой алдагддаг. Тухайн өвчтний ойр дотны хүнээс ярилцлага авах нь онош тогтооход тустай.  Эмнэл зүйн хувьд дэмийрч байгаа өвчтөн 2 янз байна. Нэг хэсэг нь орилж хашгирсан, тийчигнэсэн, хөл гарыг нь хүлэхгүй л бол аппарат, системээ авч чулуудах гээд байдаг. Харин нөгөө хэсэг нь эсрэгээр огт дуугарахгүй, унтаарсан байдалтай байна. Таныг өрөөнд орж ирэхэд харсан мөртлөө юм хэлэхгүй, нүдний харц хурц болсон, та хаана байна гэж асуухад би нөгөө...гэснээ тэс өөр тийшээ харж, өөр юм ярих, таныг өрөөнд байгааг ор тас мартсан шинжтэй байх өөрөөр хэлбэл анхаарал маш хүнд хэлбэрээр алдагдсан байдаг. Сэтгэцийн статус-ийг шалгах тусгай сорил байдаг. Тэрийг дараагийн бичлэгт оруулнаа.  Эмчилгээний хувьд нэн түрүүнд маш яаралтай дэмийрлийн шалтгааныг олох, арилгах шаардлагатай. 1. Орчны эмчилгээ \ өрөөнөөс өвчтөн өөрийгөө гэмтээж болох зүйлсийг гаргах, өрөөнд цаг, календарь байрлуулах, өвчтнийг 24 цагийн турш хэн нэгэн заавал харж байх, дотных нь хүнийг хамт байлгавал бүр сайн, хэрвээ өвчтөн хөдлөх боломжтой бол хөдөлгөөнийг нь дэмжих, нүдний шил, таяг гэх мэт хөдөлгөөн, харилцаанд туслах хэрэгслийг ойр байлгах гэх мэт\
2. Сэтгэц нийгмийн талаас гэр бүлийн гишүүдэд дэмийрэлийн талаар ойлголт өгөх, түр зуур үргэлжилдэг шинж гэдгийг хэлэх, тасгийн сувилагч нарт хичээл орох \ дэмийрч байгаа өвчтний гаргаж байгаа ааш араншинг ойлгож өвчтөнд туслах, хараа хяналтгүй орхиж болохгүй гэдгийг зааж сургах\
3. Эмийн эмчилгээнд хэрвээ архи болон сэтгэц нөлөөт эмийн бодисыг гэнэт хассанаас болж үүссэн дэмийрэл бол амин чухал үзүүлэлтүүд тогтвортой байгаа өвчтөнд бензодиазепиний бүлгийн эм хэрэглэх \ тайландад лоразепам(1-2мг)-ийг өргөн хэрэглэдэг\, бусад бүх шалтгаант дэмийрлийн үед хий юм харж сонсох, огцом түргэн хөдөлгөөн хийх, зан төрхийн цочмог өөрчлөлтийн шинж илэрсэн бол солиорлын эсрэг эм хэрэглэнэ. \ энд галоперидол, серокүэл ихэвчлэн сонгодог.\  Галоперидолын хувьд экстрапирамид хам шинж илрэх гаж нөлөө их гардаг учраас уух хэлбэрээс аль болох татгалзах, тариагаар өндөр тунгаар авбал ЭКГ-д QT удаарширдагийг санаж байх хэрэгтэй. Тунгийн хувьд хөгшин хүмүүст 0,25-0,5 мг -аар 8 цагийн зайтай, хурцадсан үед 30 мин-1 цагийн зайтай нэмэлт тунг булчинд тарих, залуу хүмүүст 1-5 мг-аар хийж болно. Галоперидол тарьж байгаа үед ЭКГ-ийн монитор заавал хийх ёстой.

Wednesday, March 9, 2011

Mental health rotation - 2

Мэдэхгүй, чадахгүй зүйл мөн ч их байна даа бидэнд.

Сэтгэцийн тэнхимийн сургалтын талаар  бичье гэж бодлоо. Өглөө 8 цагт ирнэ. Тэгээд өдрөөсөө шалтгаалаад, 8-9 цагийн хооронд тухайн тэнхим дээр байгаа бүх багш, эмч, оюутан, резидент хамтдаа суугаад ярилцана. Сэтгүүлээс авсан судалгааны ажил, сонирхолтой тохиолдол, эсвэл бусад тэнхимтэй хамтарсан коференц гэх мэт олон хэлбэр байна. Ерөнхийд нь өглөөний яриа гээд нэрлэчихье. Резидент эмч нар presentation тавина. Багш нар нь тухайн сэдэвтэй холбоотой суралцагчийн асуултанд дэлгэрэнгүй сайхан хариулдаг нь, оюутан, резидент нартаа чин сэтгэлээсээ, үнэхээр энэ нөхрийг сургаад өгье гэсэн хандлагаар маш их юм хэлж өгдөг нь их таалагдсан. Энд бас үе, үеэрээ доод үеэ удирдан авч явах гэсэн бичигдээгүй дүрэм үйлчилнэ. Багш, проф - эмч- 3-р курсын резидент - 2-р курсынх - 1-р курсынх - оюутан. Яг энэ шатлалаар дээд үеийнхээ үгнээс гарахгүй, хэлснийг нь яг таг биелүүлнэ. Эрх мэдэл ч бас шат ахих тусам нэмэгдэнэ гэсэн үг. 9-11 хүртэл анги ангидаа ороод, авсан өвчтнүүдээ танилцуулна. Манай ангийн бүрэлдэхүүнд багш - 1, сэтгэцийн 3-р курсын резидент буюу ангийн дарга-1, бусад өөр чиглэлийн резидент -3, өвдөлтийн эмч -2, анагаахын 5-р курсын оюутан -2. Тойролт хийж яваа хүмүүс болохоор 2 долоо хоногоос сарын хугацаатай солигдоод явна гэсэн үг. Өвчтөн танилцуулах нь хүртэл учиртай. Эхлээд оюутан танилцуулна, дараа нь тухайн өвчтнийг хариуцсан резидент нэмэлт хэлнэ, хамгийн сүүлд ангийн дарга орхигдсон зүйлс байвал нэмнэ. Багш онолын мэдлэгийг давхар шалгаж, асуулт тавина. Эхлээд оюутан хариулна. Чадахгүй бол резидент, эмч, ангийн дарга гээд явна. Бүгд мэдэхгүй бол багш өөрөө хэлж өгнө. Тэгээд онош, эмчилгээний хувилбараа бултаараа хэлэлцэж, санаа нэгдсэн хойноо  өвчтнөө очиж үзнэ. Ангиараа арзайлдаад л явна шүү дээ. Аль ч тасагт 10 хүн орж байсан ч хамаагүй. Чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн нэг өвчтөн дээр очиход 5-аас илүү хүн оруулахгүй гэж хязгаарлаж байснаас өөрийг санахгүй байна.  Үдээс хойш дуудлага хүлээнэ. 1 резидентийг 1 оюутан дагаж явна. Тэгэхээр давхар оюутан нөхөрт нөгөөх резидент нь багшилна гэсэн үг. Өвчтнөө үзээд, маргааш танилцуулахдаа бэлдэнэ. Нэг иймэрхүү л байдлаар өдөр өнгөрч байна даа. Ингэтлээ нуршуу бичээд байгаагийн цаад санаа бол Монголын анагаахын сургалт бас л биш явагдаад байгаа шүү, эндээс санаа авбал зүгээр юм гэсэн мессэж. Бас нэг юм сонирхуулахад онош тавих тал дээр америкийг тэр чигт нь хуулаад оруулчихсан гэсэн үг. Америк ч юу байхав дээ, дэлхий нийтээрээ ижил стандарт мөрдөж байгаа өнөө үед бид бас юунаас хоцрох уу? ядаж орос, монголоос өөр эмч ойлгодог хэлээр оношоо тавьдаг болчихвол зүгээр юм.
Энд сэтгэцийн эмгэгийн оношийг яаж тавьж байна вэ? гэвэл:

1-т ОУ-ын 10-р ангилал, 2-т  Америкийн Сэтгэцийн эмч нарын Холбооноос  \ASA\ гаргасан Сэтгэцийн эмгэгийг оношлох 4-р  гарын авлага \ удирдамж\ -ийг ашиглаж байна. The Diagnostic and Statistical Manual of Mental Disorders (DSM-IV)  -оор бол Axis 1-5 -ийг заавал тавих ёстой.
Тэнхлэг 1:  сэтгэцийн биеэ даасан эмгэг байна гэж үзвэл тэрийгээ бичнэ.
Тэнхлэг 2:  Зан төрхийн эмгэг, оюуны хомсдол байгаа эсэх
Тэнхлэг 3:   Бусад биеийн эмгэг \ жишээ нь: чихрийн шижин гэдэг ч юм уу\
Тэнхлэг 4:   Сэтгэц, нийгэм, орчны бэрхшээл байгаа эсэх \ ажил, сургууль, гэр бүл, мөнгө санхүү гэх мэт\
Тэнхлэг 5:  Үйл ажиллагааны үнэлгээг хийх \ Global assessment of functioning scale\
Энд зөвхөн сэтгэц талаасаа л бүх хүрээг хамруулаад, эрүүл буюу амьдралын аар шаар асуудлыг дор дор нь шийдээд ажрахгүй даваад явж байгаа нөхөрт бол 100 оноо өгөөд бага сага шинж тэмдэг илэрч эхлээд бүр даамжрах хүртэл 10, 10-аар буулгаад явчихаж байх шиг байгаа юм. Сэтгэцийн эмгэгтэй өвчтөн ихэвчлэн 50-60 оноо авдаг. 30-аас доош бол шууд сэтгэцийн эмнэлэгт хэвтэж заалттай. Энэ үнэлгээг удахгүй орчуулж оруулна.

Thursday, March 3, 2011

New rotation- Mental health №1

Аагим халуунд аахилж үхлээ гэж үглээд байсан чинь тэнгэр сонссон бололтой "бороо шиг бороо" орж гийгүүллээ. Би баяртай байна. Энэ сард сэтгэцийн эрүүл мэндийг судалж байгаа. Гол цөм ярианд байдаг болохоор өвчтөн үзэхэд тун чиг их тэвчээр шаардах бололтой. Бүтэн цаг юу ч дуугарахгүй харж зогсох, тэвчсэний дүнд 3-хан өгүүлбэртэй тайлбар сонсохоор дутуу нойртой хоночихсон мэт мэдрэмж төрөх юм. Тай хэл мэддэг байсан ч болоосой. Гэхдээ номтой нөхөрлөж байгаа цагт голоо алдахгүй шүү.
 Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг зүйл Монголд хаягдсан гээд хэлчихэд буруудахгүй. Томоохон эмнэлэгүүдэд сэтгэцийн эмч байтугай сэтгэл зүйчийн орон тоо байдаггүй. Ирээдүйд өөр болох л байх гэсэн итгэл бол байна.

Хүний сэтгэлийг эмчлэхгүйгээр биеийн өвчнийг бүрэн илааршуулна гэж байхгүй гэдгийг бол би нэг муухан гадарлаад байдаг байсан юм. Биеийн болоод сэтгэлийн өвдөлтийг анагаадаг болчихвол харь нутгийг зорьсны хэрэг гарах гээд байдаг. Хичээдэг л газар. Гэхдээ анагаах төгсөөд 3 жил резидент хийж эзэмшдэг нарийн мэргэжлийг би сарын дотор сурна гэж юу байхав. Энэ тойролтоос дэмийрэл, сэтгэл гутрал, архины хамааралт хам шинж, хүйсийн эмгэг гэсэн 4 сэдвээс бага сага ойлголттой болчихвол сайн ажиллалаа гэж өөрийгөө үнэлнэ.
1993 онд ДЭМБ-аас гаргасан ОУ-ын 10-р ангиллаар сэтгэцийн эмгэгийг органик болон үйл ажиллагааны гаралтай гэж хоёр хуваажээ. Органик гаралтай гэдэгт нь дэмийрэл \delirium\ , тэнэгрэл болон бусад сэтгэц идэвхит эмийн хэрэглээнээс болж үүссэн сэтгэцийн болоод зан төрхийн эмгэгүүд багтана. Үйл ажиллагааны гаралтай эмгэгт бидний сайн мэдэх шизофрени, оюуны хомсдол, сэтгэл гутрал гэх мэт өвчнүүд ордог байна. Эхний өдөр хамрагдсан journal club-аар
 " Английн гетеросекс бус хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэнд" гэсэн судалгааны ажилтай танилцсан. Гол мессэж нь: "Бэлгийн чиг баримжаагаар ялгаварлан гадуурхах нь нийгмийн талаас үзүүлж байгаа гол стресс үүсгэгч хүчин зүйл юм. Үүнээс болоод гетеросекс бус хүмүүс сэтгэцийн эмгэгээр илүүтэй өвчилж байна" гэсэн дүгнэлт гарсан байна. 1977 онд гарсан ОУ-ын 9 ангилалд ижил хүйстнээ сонирхох хандлагыг сэтгэцийн эмгэг болгон оруулсныг 1990 оны 5 сарын 17-ны дэлхийн эрүүл мэндийн 43 дахь чуулга уулзалтаар хүчингүй болгосон. Харин трансжэндэр хүмүүсийн тухайд 10-р ангилалд "Gender identify disorder" \ яаж орчуулах вэ? хүйсийн эмгэг?\
хэмээн багтсан хэвээр байгаа ч Франц улс дэлхийд анх удаа 2010 онд сэтгэцийн эмгэгийн жагсаалтаас хассан байна.
Дэлхийн сэтгэцийн эмч нарын холбооноос гаргасан тодорхойлолтоор ижил хүйстэнээ сонирхох нь орчноос шалтгаалахгүй, биологийн гаралтай, генийн бүрдлээс улбаатай төрөлхийн зүйл. Ижил хүйстэн байх нь хувь хүний сонголтоор шийддэг асуудал биш юм гэдэг дүгнэлтийг олон олон судалгааны ажил хийсний эцэст шинжлэх ухааны үндэслэлтэйгээр батлаад гаргаад ирсэн байна. Тиймээс эмч нар минь, бид ядаж энэ тал дээр зөв мэдээллийг бусдад тарааж байх хэрэгтэй болов уу? За ингээд сэтгэцийн талын анхны хичээл конец фильма. Дараагийн дугаарт " DELIRIUM"