Wednesday, March 9, 2011

Mental health rotation - 2

Мэдэхгүй, чадахгүй зүйл мөн ч их байна даа бидэнд.

Сэтгэцийн тэнхимийн сургалтын талаар  бичье гэж бодлоо. Өглөө 8 цагт ирнэ. Тэгээд өдрөөсөө шалтгаалаад, 8-9 цагийн хооронд тухайн тэнхим дээр байгаа бүх багш, эмч, оюутан, резидент хамтдаа суугаад ярилцана. Сэтгүүлээс авсан судалгааны ажил, сонирхолтой тохиолдол, эсвэл бусад тэнхимтэй хамтарсан коференц гэх мэт олон хэлбэр байна. Ерөнхийд нь өглөөний яриа гээд нэрлэчихье. Резидент эмч нар presentation тавина. Багш нар нь тухайн сэдэвтэй холбоотой суралцагчийн асуултанд дэлгэрэнгүй сайхан хариулдаг нь, оюутан, резидент нартаа чин сэтгэлээсээ, үнэхээр энэ нөхрийг сургаад өгье гэсэн хандлагаар маш их юм хэлж өгдөг нь их таалагдсан. Энд бас үе, үеэрээ доод үеэ удирдан авч явах гэсэн бичигдээгүй дүрэм үйлчилнэ. Багш, проф - эмч- 3-р курсын резидент - 2-р курсынх - 1-р курсынх - оюутан. Яг энэ шатлалаар дээд үеийнхээ үгнээс гарахгүй, хэлснийг нь яг таг биелүүлнэ. Эрх мэдэл ч бас шат ахих тусам нэмэгдэнэ гэсэн үг. 9-11 хүртэл анги ангидаа ороод, авсан өвчтнүүдээ танилцуулна. Манай ангийн бүрэлдэхүүнд багш - 1, сэтгэцийн 3-р курсын резидент буюу ангийн дарга-1, бусад өөр чиглэлийн резидент -3, өвдөлтийн эмч -2, анагаахын 5-р курсын оюутан -2. Тойролт хийж яваа хүмүүс болохоор 2 долоо хоногоос сарын хугацаатай солигдоод явна гэсэн үг. Өвчтөн танилцуулах нь хүртэл учиртай. Эхлээд оюутан танилцуулна, дараа нь тухайн өвчтнийг хариуцсан резидент нэмэлт хэлнэ, хамгийн сүүлд ангийн дарга орхигдсон зүйлс байвал нэмнэ. Багш онолын мэдлэгийг давхар шалгаж, асуулт тавина. Эхлээд оюутан хариулна. Чадахгүй бол резидент, эмч, ангийн дарга гээд явна. Бүгд мэдэхгүй бол багш өөрөө хэлж өгнө. Тэгээд онош, эмчилгээний хувилбараа бултаараа хэлэлцэж, санаа нэгдсэн хойноо  өвчтнөө очиж үзнэ. Ангиараа арзайлдаад л явна шүү дээ. Аль ч тасагт 10 хүн орж байсан ч хамаагүй. Чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн нэг өвчтөн дээр очиход 5-аас илүү хүн оруулахгүй гэж хязгаарлаж байснаас өөрийг санахгүй байна.  Үдээс хойш дуудлага хүлээнэ. 1 резидентийг 1 оюутан дагаж явна. Тэгэхээр давхар оюутан нөхөрт нөгөөх резидент нь багшилна гэсэн үг. Өвчтнөө үзээд, маргааш танилцуулахдаа бэлдэнэ. Нэг иймэрхүү л байдлаар өдөр өнгөрч байна даа. Ингэтлээ нуршуу бичээд байгаагийн цаад санаа бол Монголын анагаахын сургалт бас л биш явагдаад байгаа шүү, эндээс санаа авбал зүгээр юм гэсэн мессэж. Бас нэг юм сонирхуулахад онош тавих тал дээр америкийг тэр чигт нь хуулаад оруулчихсан гэсэн үг. Америк ч юу байхав дээ, дэлхий нийтээрээ ижил стандарт мөрдөж байгаа өнөө үед бид бас юунаас хоцрох уу? ядаж орос, монголоос өөр эмч ойлгодог хэлээр оношоо тавьдаг болчихвол зүгээр юм.
Энд сэтгэцийн эмгэгийн оношийг яаж тавьж байна вэ? гэвэл:

1-т ОУ-ын 10-р ангилал, 2-т  Америкийн Сэтгэцийн эмч нарын Холбооноос  \ASA\ гаргасан Сэтгэцийн эмгэгийг оношлох 4-р  гарын авлага \ удирдамж\ -ийг ашиглаж байна. The Diagnostic and Statistical Manual of Mental Disorders (DSM-IV)  -оор бол Axis 1-5 -ийг заавал тавих ёстой.
Тэнхлэг 1:  сэтгэцийн биеэ даасан эмгэг байна гэж үзвэл тэрийгээ бичнэ.
Тэнхлэг 2:  Зан төрхийн эмгэг, оюуны хомсдол байгаа эсэх
Тэнхлэг 3:   Бусад биеийн эмгэг \ жишээ нь: чихрийн шижин гэдэг ч юм уу\
Тэнхлэг 4:   Сэтгэц, нийгэм, орчны бэрхшээл байгаа эсэх \ ажил, сургууль, гэр бүл, мөнгө санхүү гэх мэт\
Тэнхлэг 5:  Үйл ажиллагааны үнэлгээг хийх \ Global assessment of functioning scale\
Энд зөвхөн сэтгэц талаасаа л бүх хүрээг хамруулаад, эрүүл буюу амьдралын аар шаар асуудлыг дор дор нь шийдээд ажрахгүй даваад явж байгаа нөхөрт бол 100 оноо өгөөд бага сага шинж тэмдэг илэрч эхлээд бүр даамжрах хүртэл 10, 10-аар буулгаад явчихаж байх шиг байгаа юм. Сэтгэцийн эмгэгтэй өвчтөн ихэвчлэн 50-60 оноо авдаг. 30-аас доош бол шууд сэтгэцийн эмнэлэгт хэвтэж заалттай. Энэ үнэлгээг удахгүй орчуулж оруулна.

No comments:

Post a Comment