Thursday, March 3, 2011

New rotation- Mental health №1

Аагим халуунд аахилж үхлээ гэж үглээд байсан чинь тэнгэр сонссон бололтой "бороо шиг бороо" орж гийгүүллээ. Би баяртай байна. Энэ сард сэтгэцийн эрүүл мэндийг судалж байгаа. Гол цөм ярианд байдаг болохоор өвчтөн үзэхэд тун чиг их тэвчээр шаардах бололтой. Бүтэн цаг юу ч дуугарахгүй харж зогсох, тэвчсэний дүнд 3-хан өгүүлбэртэй тайлбар сонсохоор дутуу нойртой хоночихсон мэт мэдрэмж төрөх юм. Тай хэл мэддэг байсан ч болоосой. Гэхдээ номтой нөхөрлөж байгаа цагт голоо алдахгүй шүү.
 Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг зүйл Монголд хаягдсан гээд хэлчихэд буруудахгүй. Томоохон эмнэлэгүүдэд сэтгэцийн эмч байтугай сэтгэл зүйчийн орон тоо байдаггүй. Ирээдүйд өөр болох л байх гэсэн итгэл бол байна.

Хүний сэтгэлийг эмчлэхгүйгээр биеийн өвчнийг бүрэн илааршуулна гэж байхгүй гэдгийг бол би нэг муухан гадарлаад байдаг байсан юм. Биеийн болоод сэтгэлийн өвдөлтийг анагаадаг болчихвол харь нутгийг зорьсны хэрэг гарах гээд байдаг. Хичээдэг л газар. Гэхдээ анагаах төгсөөд 3 жил резидент хийж эзэмшдэг нарийн мэргэжлийг би сарын дотор сурна гэж юу байхав. Энэ тойролтоос дэмийрэл, сэтгэл гутрал, архины хамааралт хам шинж, хүйсийн эмгэг гэсэн 4 сэдвээс бага сага ойлголттой болчихвол сайн ажиллалаа гэж өөрийгөө үнэлнэ.
1993 онд ДЭМБ-аас гаргасан ОУ-ын 10-р ангиллаар сэтгэцийн эмгэгийг органик болон үйл ажиллагааны гаралтай гэж хоёр хуваажээ. Органик гаралтай гэдэгт нь дэмийрэл \delirium\ , тэнэгрэл болон бусад сэтгэц идэвхит эмийн хэрэглээнээс болж үүссэн сэтгэцийн болоод зан төрхийн эмгэгүүд багтана. Үйл ажиллагааны гаралтай эмгэгт бидний сайн мэдэх шизофрени, оюуны хомсдол, сэтгэл гутрал гэх мэт өвчнүүд ордог байна. Эхний өдөр хамрагдсан journal club-аар
 " Английн гетеросекс бус хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэнд" гэсэн судалгааны ажилтай танилцсан. Гол мессэж нь: "Бэлгийн чиг баримжаагаар ялгаварлан гадуурхах нь нийгмийн талаас үзүүлж байгаа гол стресс үүсгэгч хүчин зүйл юм. Үүнээс болоод гетеросекс бус хүмүүс сэтгэцийн эмгэгээр илүүтэй өвчилж байна" гэсэн дүгнэлт гарсан байна. 1977 онд гарсан ОУ-ын 9 ангилалд ижил хүйстнээ сонирхох хандлагыг сэтгэцийн эмгэг болгон оруулсныг 1990 оны 5 сарын 17-ны дэлхийн эрүүл мэндийн 43 дахь чуулга уулзалтаар хүчингүй болгосон. Харин трансжэндэр хүмүүсийн тухайд 10-р ангилалд "Gender identify disorder" \ яаж орчуулах вэ? хүйсийн эмгэг?\
хэмээн багтсан хэвээр байгаа ч Франц улс дэлхийд анх удаа 2010 онд сэтгэцийн эмгэгийн жагсаалтаас хассан байна.
Дэлхийн сэтгэцийн эмч нарын холбооноос гаргасан тодорхойлолтоор ижил хүйстэнээ сонирхох нь орчноос шалтгаалахгүй, биологийн гаралтай, генийн бүрдлээс улбаатай төрөлхийн зүйл. Ижил хүйстэн байх нь хувь хүний сонголтоор шийддэг асуудал биш юм гэдэг дүгнэлтийг олон олон судалгааны ажил хийсний эцэст шинжлэх ухааны үндэслэлтэйгээр батлаад гаргаад ирсэн байна. Тиймээс эмч нар минь, бид ядаж энэ тал дээр зөв мэдээллийг бусдад тарааж байх хэрэгтэй болов уу? За ингээд сэтгэцийн талын анхны хичээл конец фильма. Дараагийн дугаарт " DELIRIUM"

2 comments:

  1. Сайн байна уу? Таны блог болон үзэл бодол тань маш их таалагдлаа. Би бас удахгүй Махидолд суралцах гэж байна. Гэхдээ өөр чиглэлээр л дээ. Та миний id-g accept hiigeerei, bi add hiisen bga yahoo messengertee. Баярлалаа, амжилт хүсье!

    ReplyDelete
  2. Баярлалаа Баясгалан. Чамд бас амжилт.

    ReplyDelete