Өнөөдрийн сонирхол татсан тохиолдлоор архинд донтсон нэгэн нөхрийг онцолж байна. Сургамжтай гэдэг үүднээс нь жишээ оруулж байгаа ч гол нь сэтгэцийн эмч энэ эмгэгийг яаж оношилдог вэ? гэдэг тал дээр илүүтэй тодотгож бичихээр шийдлээ. Түүнийг А гэе. Тэр 55 настай, сүүлийн 15 жил тасралтгүй архи ууж байгаа. Хамгийн сүүлд 1 сар тасралтгүй архи ууж яваад, хордлогонд ороод, эмнэлэгт хандсан. Сэхээний тасагт цочмог панкреатит, олон эрхтний дутагдал гэсэн оношоор эмчлүүлж байна. Хүүтэй нь уулзаж ярилцав. Аав нь өдөр өнжилгүй архи уудаг, жилд 4 удаа эмнэлэгт хэвтдэг. Тэгээд гайгүй болоод гармагцаа дахиад уудаг. Энэ удаагийнх бас л нэг уналт биз, тэгтлээ санаа зовохгүй байна гэж хэлж байх юм. Магадгүй энэ удаа сүүлчийнх байж мэднэ. Амин чухал үзүүлэлтүүд тогтворгүй, шинжилгээнүүд тун тааруу гарч байгаа. Сэтгэцийн талаас архинаас хамааралт, alcohol withdrawal syndrome \ энийг орчуулж мэдэхгүй байна, уучлаарай\ гэсэн онош тавьсан. Бензодиазепины бүлгийн эм болох Лоразепинийг 1 мг-аар 6 цагийн зайтай тарих, даралт, пульс хэвийн болж, тремор арилж, шөнө унтдаг болоод ирвэл эмийн хоногийн тунг 10-25%-аар өдөр өдөрт нь бууруулсаар хасах төлөвлөгөө гаргаж өгөв. Өвчтний бөөр, элэг гайгүй бол лора-г 2 мг-аар хоногт 8- 16 мг хүртэл хийж болно. Эмийн үйлчлэх механизм болон архи тархинд ямар нөлөө үзүүлдэг талаар дараа дэлгэрэнгүй бичих тул энэ хүрээд зогсое.
Withdrawal syndrome гэж юу билээ?
Энэ нь дотроо их, бага гэсэн 2 хэсэгтэй. Бага нь архи уухаа зогсоосноос хойш эхлээд 2 хоног үргэлжилнэ. Рефлекс өндөрсөх, уур уцаартай болох, дотор муухайрах, нойргүйдэх, хөлрөх, чичирч салганах, булчин сулрах гэх мэт шинжүүд илэрнэ. Их нь 2-оос 3 дахь хоногт илэрнэ. Үүнд: юм амархан мартах, халуурах, хий юм харах, даралт ихсэх, амьсгал, пульс олшрох, дэмийрэх гэх мэт шинжүүд дээр үндэслэн withdrawal syndrome гэсэн оношийг тавина.
За тэгвэл архинаас хамааралт болон архинд донтох гэсэн 2 оношийг ямар шалгуур дээр үндэслэн тавиад байна вэ?
Хариулт 1:
DSM-4 -өөс гаргасан архинаас хамааралтай эсэхийг үнэлэх шалгуур 7 шинж байдаг. 3-аас илүү нь таарч байвал онош батлагдана. Үүнд:
1. Архи даадаг болох
2. Архи уухаа зогсоомогц Withdrawal syndrome илэрдэг байх
3. Архи уусан үедээ хяналтаа бүрмөсөн алдах
4. Бодсоноосоо ямагт илүү ихийг уух
5. Архинаас гарахыг хүсдэг, оролддог боловч тэр бүхэн амжилтгүй болсон гэх өгүүлэлтэй байх
6. Амьдралынхаа ихэнхи цагийг архитай холбоотой зүйлд зарцуулах \ архины хордлого тайлах эмчилгээнд хамрагдах гэх мэт\
7. Ажил, гэр бүл, амралтаа өнгөрүүлэх зэрэгт зарцуулдаг цаг нь эрс багасаж ирэх, архи хортой гэдгийг мэдсээр мэдэрсээр байж хэрэглэсээр байх
Хариулт2:
Архинд донтолт гэсэн оношийг тавихын тулд доорх шалгуур шинжүүдээс хамгийн багадаа нэг нь зайлшгүй байх хэрэгтэй. Үүнд:
1. Ажил болон \сургууль\, гэртээ биелүүлэх ёстой гол үүргээ биелүүлж чадахаа болих
2. Архинаас болж биедээ дахин давтан ноцтой гэмтэл авч байсан
3. Архинаас болж хэрэгт орж, цагдаад баривчлагдаж байсан
4. Архинаас болж томоохон ноцтой асуудлуудад хутгалдсаар байгаагаа мэдсээр байж уухаа зогсоож чадахгүй байх
Архичин болсон эсэхийг яаж мэдэх вэ?
Ярилцагч этгээддээ за 2-лаа илэн далангүй дотно яриа өрнүүлье гэдгээ эхлээд эвтэйхнээр хэлж ойлгуулна. Тэгээд тандах асуулт тавьж эхэлнэ. Эхнийх нь " Та ер нь алкохольный төрлийн зүйл хэрэглэх дуртай юу?" Тийм гэвэл " Хамгийн сүүлд хэзээ та нэг өдөрт 5-аас дээш \эрэгтэй бол\, 4-ээс дээш \эмэгтэй бол\ "drinks" уусан бэ?" гэж асууна. Сүүлийн 3 сар дотор гэж хариулсан хүмүүсийн 50% нь архины тал дээр асуудалтай байдаг учраас CAGE асуумжыг үргэлжлүүлэн бөглүүлнэ. Энэ асуумжаас 2-т нь тийм гэж хариулвал 90-95% нь архинаас хамааралт эсвэл архинд донтох эмгэгтэй болчихсон байдаг. Өөрөөр хэлвэл архитай холбоотой тандах асуумжуудаас хамгийн мэдрэг чанар өндөртэйд тооцогддог чухал асуумж байхнээ.
1. Танд ер нь уухаа багасгах хэрэгтэй юм байна гэж бодож байсан удаа бий юу?
2. Таны архины хэрэглээнээс болж, хэн нэгэн ойр дотны хүн тань гомдол мэдүүлж, уурлаж байсан тохиолдол гарч байсан уу?
3. Архи уусандаа эвгүйцэж, дахин ёстой уухгүй гэж бодож байсан удаа бий юу?
4. Архи уусны маргааш нь архиар шараа тайлж байсан удаа байгаа юу?
Энэ удаад ингээд дуусгая. \Үргэлжлэл байгаа.\
P.S Манай Монгол далай байхгүй, дэлхийг цочоож буй цунами хэмээх гамшигаас айх аюулгүй орон хэдий ч архи гэгч хорт могой бидний цөөхөн ард түмнийг цунами-аас илүүтэй чимээгүйхэн залгиж байгаа энэ нийгмийн гашуун үнэнг бодохоор сэтгэл минь өвдөж энэхүү бичлэгийг оруулсан болно.
сэтгэл эмзэглүүлсэн асуудлын талаар бичсэн сайн нийтлэл болжээ. бусдыг анагаах ариун үйлсэд нь улам их амжилт хүсье
ReplyDeleteБаярлалаа. Үзэж харж, уншиж сонссоноо бодож эргэцүүлсний эцэст ингээд тэмдэглээд явах их зүгээр юм. Өөрт ч, өрөөлд ч хэрэг болох үе ирэх байх гэж бодоод л...
ReplyDeleteАрхинаас гаргах тан зарна. Дэлхий дээр сая гаруй хүнийг архинд донтох өвчнөөс салгаж чадсан уламжлалт анагаах ухаан Аюурведийн тан юм. Биед ямар ч сөрөг нөлөөгүй, цэвэр ургамлын найрлагатай тул архинд донтохыг бүрмөсөн эмчлээд зогсохгүй биеэс архины токсиныг гадагшлуулж, архи болон бусад хорт бодисоос болж өөрчлөгдөж, гэмтэж, өвчилсөн эд, эрхтнийг эсийн түвшинд сэргээн дэмжиж, хорт хавдар, циррозын эсрэг үйлчилгээ үзүүлдэг нь “нэг сумаар хэд хэдэн туулай” ононо гэсэн үг. Утас: 99685551
ReplyDelete