Monday, March 14, 2011

Товч - Сэтгэцийн байдлыг үнэлэх сорил

Энэ нь өвчтний танин мэдэх, сэтгэн бодох чадварыг богино хугацаанд үнэлэх боломжтой практикт өргөн хэрэглэгддэг 30 онооны сорил юм. 1975 онд Фолстэйн эмч зохиосон. Тэнэгрэлийг оношлох гол сорил гэж явдаг ч мэдрэл, дотоод шүүрэл болон мэс засгийн тасагт эмчлүүлж байгаа тархины гэмтэлтэй, мэдрэлийн эмгэгтэй, санах ой болон танин мэдэхүйн хувьд асуудал үүссэн гэж сэжиглэж байгаа дэмийрч буй өвчтнүүд, хөгшид, мөн тухайн өвчтөн хуулийн бичиг баримтанд шийдвэр гаргаж, гарын үсэг зурахуйц эрүүл ухаантай байгаа эсэхэд эргэлзсэн тохиолдол бүрт энэхүү сорилыг ашиглаж болно. Дотроо 5 хэсэгтэй. Үүнд: Орон зай, цаг хугацаа, хүний баримжаа, Давталт, Анхаарал ба бодолт, Эргэн санах, Хэл яриа тус тус багтана. Тайланд - сэтгэцийн байдлыг үнэлэх сорил их хувиасаа бага зэрэг өөр байна лээ. Харьцуулаад үзсэн чинь анхаарлыг тусад нь нэг хэсэг болгон задалж оруулсан, баримжаа шалгах 10 асуултыг 6 болгож товчилсон, хэл ярианы хэсгийн 1 асуултыг хасч хийсэн байв. За ямартаа ч сурч байгаа газрынхаа хувилбарыг орчуулан энд оруулая гэж бодлоо. Үнэлгээний хувьд 25-30 оноо авбал хэвийн эрүүл, 20-24 оноо бол эмгэг, 20-аас бага оноо авбал хүнд хэлбэрээр танин мэдэх, сэтгэн бодох чадвар алдагдсан хэмээн үнэлж байна.

1 хэсэг -  Орон зай, цаг хугацаа, хүний баримжаа \ Зөв хариулт бүр 1 оноо- нийт 6 оноо\
1. Яг одоо өглөө болж байна уу, өдөр үү, орой юу?
2. Өнөөдөр хэдний өдөр вэ?
3. Сувилагчийн зураг үзүүлээд энэ хүн ямар мэргэжилтэй вэ гэж асууна.
4.  Бид одоо хаана байна?
5.  Энэ жил ямар жил вэ? Хэдэн он бэ?
6.  Хэдэн сар вэ?
2-р хэсэг- Давталт\ Зөв хэлсэн үг бүр 1 оноо- нийт 3 оноо\
 За та " Бөмбөг, сандал, хүн" гэж хэл дээ. Та энэ 3 үгийг мартаж болохгүй шүү. Би жаахан байж байгаад дахиад асууна гэдгээ хэлнэ.  3 үгийг хэлэхдээ нэгийг нь 1 секунд байхаар аажуу, тод хэлнэ. Тэгээд өвчтөн 3 үгийг 3-ланг нь хэлж чаддаг болтол нь давтуулна.
3-р хэсэг - Анхаарал  \ Зөв хэлсэн гариг бүр 1 оноо- нийт 5 оноо\
Та баасан гаригаас уруудуулж даваа гариг хүртэл хэл дээ гэнэ.
4-р хэсэг - Бодлого \ зөв бодох бүр 1 оноо- нийт 4 оноо\
100-7-7-7-7
5-р хэсэг- Эргэн санах \ 1 үг санаж байвал 1 оноо- нийт 3 оноо\
2 хэсэгт хэлсэн 3 үгийг дахин асууна.
6-р хэсэг - Хэл яриа -нийт 9 оноо
1. Өвчтөнд цаг, бал 2-ыг ээлжлэн харуулж юу болохыг нь асуулна. Зөв хэлсэн хариулт бүр 1 оноо- нийт 2 оноо авах ёстой.
2. Өвчтнөөр 3 үетэй команд биелүүлнэ үү гэж хүснэ. " За та баруун гартаа энэ цаасыг бариад, голоор нь нугалаад, шалан дээр тавь даа." гэж хэлнэ. Зөв үе бүр 1 оноо, нийт 3 оноо өгнө.
3. Цаасан дээр дармал, том үсгээр " Нүдээ ань" гэж бичсэн байна. Тэрийг уншуулж, бичсэн командыг биелүүлэхийг хүснэ. Зөв биелүүлвэл 1 оноо
4. Өвчтнөөр дуртай өгүүлбэрээ бичнэ үү гэж хүснэ. Өгүүлбэрт нь нэр үг, үйл үг, тусагдахуун бүгд байвал 1 оноо өгнө.
5. " Үгүй, хэрвээ, ба, гэвч" гэсэн үгсийг хэлээд өвчтнөөр давтуулж шалгана. Зөв хэлбэл 1 оноо
6.  Дээрх дүрсийг харуулаад, өвчтөнөөр дуурайлгаж зурна уу гэж хүснэ. Хэрвээ зөв зурвал 1 оноо өгнө.




















No comments:

Post a Comment