Friday, March 25, 2011

Defense- Хамгаалах механизм

Энэ бичлэгийг яаж эвтэйхэн, уншихад сонирхол төрөхүйцээр оруулах вэ гэж би олон хоног тархиа гашилгалаа. Яагаад гэвэл энэ тун чухал сэдэв байгаа юм. Эндээс эмчилгээний тактик урган гарч ирнэ. Эхлэлийг нь зөв тавиад өгвөл эмч хүний ажилд ахиц гарахаар, гайгүй сайн "аминдэм" болно гэдэгт 100% итгэлтэй байна. За ямартаа ч бичихээр шийдлээ. Түүхий санагдвал хамаагүй хэлээрэй. Шүүмжид "нугасгүй" шүү, цаад чинь.
Бие махбодийн хамгаалах урвал буюу дархлааны систем сайн байгаа тохиолдолд өвчний эдгэрэлт түргэснэ. Энийг бол захын хүн мэднэ. Харин сэтгэцийн хувьд бид өөрсдийгөө таагүй, сөрөг цочруулаас хэрхэн яаж хамгаалдаг вэ?
1988 онд Валлиант гэдэг нөхрийн гаргасан ангиллаар бол хамгаалах урвалыг 4 түвшинд хувааж үздэг. Бид үүнийг хиймлээр албадан бий болгодоггүй. Хар аяндаа сөрөг цочруулд хүн бүр янз янзаар хариу урвал үзүүлдэг. Хамгийн гол нь, эмч гэдэг этгээд тухайн өвчтөнтэй ярилцах явцдаа уг хүний хамгаалах механизмыг зөв таних нь чухал.  " За энэ хүний хамгаалах механизм нь эрүүл эмгэгийн зааг дээр байгаа юм байна. Тэгэхээр аль болох эрүүл тал руу нь хөтлөхийн тулд ийм аргаар эмчилгээг хийгээд үзвэл үр дүн гарах нь" гэх мэтчилэн бодож тунгаах нээ.  
Жишээ: 35 настай эмэгтэйг нөхөр нь гэнэт хаяад явчихжээ. Энэ тохиолдолд юу болж болох вэ?
4-р түвшин - Гүйцэд боловсорсон хамгаалах механизм- Сэтгэцийн хувьд цоо эрүүл хүн 4 хувилбараар хариу урвал үзүүлдэг.
1. Suppression- Сөрөг сэтгэл хөдлөлөө дарах гэсэн оролдлого. Жишээ нь: "Нөхөр минь гэнэт орхиод явсан нь миний хувьд тун хүнд цохилт боллоо. Урам хугарч, гуниг төрж байна. Гэхдээ би энэ асуудлаас болж амьдралаа алдмааргүй байна. Ажлаа л сайн хийж явья даа" гэх хэлэх
2. Altruism- Сөрөг сэтгэл хөдлөлөө бусдад сайн үйл хийж дарах гэсэн оролдлого. Жишээ нь: "Би эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нийгэмлэгт гишүүнээр элссэн. Ядарч, зовсон олон хүнд тус болж байгаадаа баяртай байна" гэх.
3. Sublimation- Сөрөг сэтгэл хөдлөлөө ашиглан бүтээлч зүйл хийх гэсэн оролдлого.
 Жишээ нь: " Би " Хайртдаа хаягдсан хүний тэмцэл" гэдэг ном бичиж эхэлсэн." гэж ярих
4. Humor - сөрөг сэтгэл хөдлөлөө, шууд бус замаар, хошин байдлаар илэрхийлэх
" Азны юм боллоо. Би 10 кг хасах гэж хичнээн их зовлоо доо. Ингэж турж чадсандаа баяртай байна шүү" гэх
3-р түвшин- Шилжилтийн \ эрүүл эмгэгийн зааг\ хамгаалах механизм- Хүн тухайн үед, шууд сэтгэл зүйн дарамтанд орох эсвэл ирээдүйд сөрөг цочруултай холбоотой үйл явдал тохиолдоход дахин стрессдэх эрсдэл өндөр байдаг учраас гүйцэд боловсорсон хамгаалах механизмыг бодвол эрүүл чанар багатай гэж үздэг байна.
1. Denial- Сөрөг сэтгэл хөдлөл огт төрөөгүй гэж үгүйсгэх
Жишээ нь: " Нөхөр яваа л биз. Надад ямар хамаатай юм бэ? Огтхон ч сэтгэлээр унахгүй байна."  гэж хэлэх. Ойрын бас нэг жишээ гэвэл архинд донтсон хүн байна. Тэд " Би архичин бишээ. Би ажил амьдралаа алдаагүй хүн шүү. Та нар яагаад над руу дайраад байгаа юм бэ?" гэж уурлах нь олонтоо. Энэ бол сэтгэцийн талаас өөрийгөө хамгаалах үгүйсгэх хэлбэрийн тод жишээ юм.
2. Repression- юу гэж тайлбарламаар юм бэ дээ. Suppression гэхээрээ санаатайгаар сөрөг сэтгэл хөдлөлөө дардаг. Харин repression болохоор ухамсарт бус ухаанаар тухайн сөрөг сэтгэл хөдлөлийг мартдаг, гэхдээ арилаад алга болсон гэсэн үг биш юм. Тэр нь өдөр тутмын өөр зүйлс дээр муу нөлөөгөө үзүүлээд яваад байдаг. Жишээ нь: " Нөхөр явчихлаа гээд надад уурлаж гомдоод байх юм алгаа. Харин сүүлийн сар тувт толгой өвдөөд хэрэг алга" гэж хэлэх. Бас нэг жишээ гэвэл бид заримдаа онцгүй юм тохиолдохоор ажил, хичээлдээ явалгүй, өдөржин унтдаг. Буцаад нийгмийн хэвийн амьдрал руу орохоос татгалзах тохиолдол гардаг. Өөр нэг жишээ гэвэл багадаа хүчирхийлүүлж байсан охин хүүхэд нас биенд хүрсэн хойноо найз залуутай болох, бэлгийн харилцаанд ороход бэрхшээл үүсээд байдаг. Секс хийхэд өвдөөд байна гэдэг ч юм уу, энэ нь repression маягийн хамгаалах механизм юм.
3. Reaction formation- Хүсээгүй, аюултай бодол хүслээ эсрэгээр хөрвүүлж илэрхийлэх оролдлого Жишээ нь: " Нөхөр бид 2 салснаасаа хойш маш сайн найзууд болсон. Тэр үнэхээр гайхамшигтай сайн хүн." гэж хэлэх. Өөр нэг ойрын жишээ татвал зарим хүмүүс даргыгаа үзэн яддаг, ажлаасаа гармаар санагддаг мөртлөө яг даргатайгаа таарахаараа долоочих шахан магтаад л, хэт сайхан аашлаад байдаг.
4. Displacement- Сөрөг сэтгэл хөдлөлөө уг хүндээ очиж гаргахгүй, өөр тухайн асуудалд огт хамаагүй хэн нэгэн, өөрт нь хор хийхээргүй хүнд гаргах. Жишээ нь: " Нөхөр нь хаяад явсанд бухимдсан ээж хүүхэддээ уураа гаргах. Ажил дээрээ дарга болоод хамт ажиллагсаддаа уурласан уураа гэртээ ирээд хань ижил, үр хүүхэддээ гаргах" гэх мэт.
5. Rationalization - Би ийм болохоор сэтгэлээр унахгүй, уурлахгүй байна гэж худлаагаасаа шалтгаан зохиох байдлаар өөрийгөө хамгаалдаг нэг хэлбэр юм. Жишээ нь:  уг бүсгүй нөхөртөө маш их хайртай, нөхрийгөө гайхалтай хүн гэж үнэн сэтгэлээсээ бишрэн боддог байв. Тэгтэл гэнэт нөхөр нь хаяад явчихсанд балмагдаж цочирдсон мөртлөө тэрийгээ ил гаргалгүй " тэр уулаасаа шаал тэнэг амьтан байсан юм. Явсан нь ч болж. Тэртээ тэргүй би амьдралаа шинээр эхлэе гэж бодож байсан юм." гэж ярих жишээтэй
2-р түвшин- Боловсорч гүйцээгүй " хүүхдэрхүү" хамгаалах механизм
Өсвөр насны хүүхдүүдийн хувьд бол хэвийн гэж хэлж болно. Харин насанд хүрэгчдийн тухайд доорх хувилбарыг хэрэглэж заншсан бол өөрт болоод өрөөлд хор нөлөөтэй. Тиймээс эрүүл хамгаалах механизм гэж үзэхэд бэрх юм.
1. Passive aggression- уураа шууд бус замаар, идэвхигүйгээр илэрхийлэх Жишээ нь: нөхрийнхөө бүх зүйлийг гаргаж хаячихаад, авах гээд ирэнгүүт нь " өө хонгор минь, уучлаарай. Би бүгдийг нь буяны байгууллагад хандивлачихсан шүү дээ. Чамд хэрэг болно гэж огт санасангүй" гэж хэлэх
2. Acting out- сөрөг сэтгэл хөдлөлөө шууд үгээр хэлэхгүй мөртлөө үйлдлээр илэрхийлэх Жишээ нь: Хаяад явангуут нь нөхрийнхөө амар заяаг үзүүлэхгүй болж эхлэнэ. Шөнө ид унтаж байх цагаар нь 5 минут тутамд утас руу нь залгах гэх мэт. Өөр бас бус ойрын жишээ гэвэл хэрэлдэхээрээ шил шаазангаа хагалдаг, хана цохидог, эсвэл стресстэхээрээ өөрийгөө зүсдэг, сэтгэлийн зовиураа биеийн өвдөлт болгон мэдрэх гэж оролддог гэх мэт.
3. Dissociation - орчноос тасрах, цаг хугацаа өнгөрч байгаа эсэхийг анзаарахаа болих, тухайн сэтгэл зүйн сөрөг цочрол өгсөн хүн болоод үйлдлийг эргэж санахгүй байх. Жишээ нь:
 " Өнгөрсөн долоо хоногт юу болсныг би сайн санахгүй байна. Нөхөр минь намайг орхиод явсан билүү? Там тум юм л санаанд ороод байх чинь" гэж ярьж байвал энэ хувилбарын хамгаалах механизмтай хүн байхнээ.
4. Projection- Тухайн хүний бодоогүй, хийгээгүй зүйлийг хийсэн гэж итгэх. Ялангуяа бусдад хэлэхийг хүсээгүй сөрөг сэтгэл хөдлөл төрсөн үед үүнийг өөрийн мэдэлгүй хэрэглэдэг. Жишээ нь: Би бүр яг мэдээд байнаа. Тэр новш намайг хаяж явсан уу, гүй юу намайг бүх найзууддаа хэлэх хэлэхгүй үгээр муулж байгаа даа" гэж ярих. Өөр жишээ татвал зарим хүмүүс өөрийнхөө юу хүсээд, яах гээд байгаагаа мэдэхгүй тохиолдолд өөр хүнд бурууг тохдог. Тэр намайг огт сонсохгүй юм гомдоллодог мөртлөө яг бодит байдал дээр өөрөө тэр хүнээ сонсдоггүй байх жишээтэй.
5. Splitting (Idealization/ Devaluation)- Өмнө нь төгс хүн гэж боддог байсан хүнээ өөрт нь тааламжгүй зүйл хиймэгц 100% эсрэгээр тэр хүний талаарх үнэлэмж өөрчлөгдөх. Жишээ нь:
" манай хуучин нөхөр бол жинхэнэ муу хүн. Тамд очиж, шарагдаж үхвэл таарна." гэх хэлэх
1-р түвшин- Эмгэг хамгаалах урвал- Энэ нь сэтгэцийн эмгэг рүү хөтөлдөг байна.
1. Denial of external reality-  бодит үнэнийг хүлээн зөвшөөрөхгүй байх Жишээ нь: "Манай нөхөр намайг хаяж яваагүй" гэвэл сэтгэцийн эмгэгтэй болох эрсдэл өндөр байна гэж дохио авахнээ.
2. Distortion of external reality- Бодит үнэнээс хол зөрүү юм ярих, бодит амьдралаас тасарсан юм яриад эхэлбэл анхаар. Жишээ нь: " Манай нөхөр яалаа гэж намайг орхих юм бэ? Тэр ажлаар хөдөө явчихсан. Ирэх 7 хоногт эргэж ирнэ" гэж ярьж байвал эрсдэлтэйн шинж.

ЗӨВЛӨМЖ: Өвчтөнтэй ярилцах явцдаа ямар төрлийн хамгаалах механизм хэрэглэж байгааг олж танихийг хичээ. Тэгвэл өвчний тавиланг тодорхойлох боломжтой. Хэрвээ 3-р түвшний хамгаалах механизм хэрэглэдэг хүн байвал зан төрхийн эмгэгтэй байх эрсдэл өндөртэй. Тиймээс тэр талын онош тодруулах асуулт тавь. Харин 4-р түвшний хамгаалах механизмтай хүн байвал тэмцэх чадвар өндөртэй өөрөөр хэлбэл тавилан сайтай гэсэн үг. Мөн эмч та өвчтөнтэй ярилцах явцдаа өөртөө доорх асуултуудыг тавьж хариуг нь олохыг хичээгээрэй. Үүнд:
1. Өвчтөн сэтгэцийн талын өвдөлтөө ямар үгсээр илэрхийлж байна вэ? Ямар өнцгөөс харж байна вэ?
2. Энэ өвчтний хамгаалах механизм нь эрүүл үү эмгэг үү?
3. Эрүүл механизмтай хүн бол амархан эдгэрнэ. Тэгэхээр би энэ хүнийг эмчлэхийн тулд аль механизмийг нь тодотгон дэмжиж, алийг нь бууруулж, дарж ажиллах вэ? гэх мэт.

Cognitive- behavioral treatment \CBT\, coping skill гээд дэлхий даяар яриад байгаа эмчилгээний аргын үндэс нь явж явж хамгаалах механизм дээр ирж таарах юм биш үү?



No comments:

Post a Comment