Thursday, April 7, 2011

Нойрны эрүүл ахуй

Шөнө нойр хүрэхгүй, өдөр ажлаа хийж чадахгүй зүүрмэглээд, ядраад яваад байхаар амьдралын чанар доройтоно. Гэхдээ нойр хүрэхгүй байлаа гээд яаран нойрны эм уух нь яавч зөв сонголт биш. Эм гэдэг бол хор юм. Аливаа нэг эм ганцхан хэсэгт үйлчилдэггүй. Асуудалтай байгаа хэсэгт үйлчилсэнээр өвчнийг бид илааршуулдаг ч асуудалгүй хэсэгт давхар нөлөөлсөнөөр эмийн гаж нөлөө илэрдэг. Гаж нөлөө нь эмчилгээнээс давсан тохиолдолд хор болно. Энэ бүх ярвигтай процессыг судалчихаад, танд үйлчилж байгаа хүн бол эмч. Тиймээс эмчийг дорд үзэн, дур мэдэн өөрийгөө эмчлэх гэж оролдох нь амиа хорлолтын нэг хэлбэр юм. Мэргэжлийн бус хүн их мэдэгч царайлан өөрийгөө төдийгүй өрөөл бусдыг эмээр бөмбөгдөх гэж оролдох нь гэмт хэрэг бөлгөө. За хадуурах нь,  Гол сэдэвтээ эргэн орое.


                                                         Нойрны эрүүл ахуй

1. Унтахаас 60-90 минутын өмнөөс бие болоод сэтгэлээ унтахад бэлтгэж эхэлнээ. Өдрийн таагүй үйл явдлын талаар битгий бод, сэтгэл зовоосон асуудлыг аль болох бодлоосоо хөөн зайлуулах гэж хичээ. Та энэ хорвоод амьдралаас таашаал авах гэж мэндэлсэн зочин болохоос ажлын мал, асуудлын үндэс биш юм. Ойр дотны хүмүүстэйгээ хүнд сэдвээр ярилцахаас зайлсхий. Хэт ихийг бодвол нойр үл хүрнэ.
2.  Булчин суллах дасгал хий. Гол үндэс нь булчингаа сайтар агшаавал сайн сулардаг. Бид энэ үйлдлийг зөнгөөрөө өдрийн туршид хэдэнтээ хийдэг шүү дээ. Сайхан гүнзгий амьгал аваад, биеэ сулла.
3. Унтахаас 3 цагийн өмнөөс хүнд хоол идэхгүй, цай, кофе, алкохольный төрлийн ундааг уухгүй байх хэрэгтэй
4. Хэрвээ та тамхичин бол ядаж оройд битгий татаарай. Тамхи төв мэдрэлийн системийг сэдээдэг.
5. Тогтсон цагт унтаж, босч занших хэрэгтэй. Амарсан мэт санагдсан л бол шууд бос. Амралтын өдөр юм чинь олон цаг унтана гэж хэвтэх нь буруу зуршил шүү.
6.  Орыг зөвхөн унтах эсвэл секс хийх зориулалтаар л ашиглана. Орондоо идэх, ном унших, компьютор тоглох зэрэг үйлдлийг хоригло.  
7.  Хэвтээд 10 минутаас илүү хугацаанд нойр хүрэхгүй байгаа тохиолдолд үсэрч босоод, өөр зүйл хий. Зөвхөн нойр хүрсэн үедээ л орондоо орж заншаарай.
8. Цэвэрхэн ор хөнжлийн даавуунд, тохирсон дэр дэрлээд, тавтай сайхан нойрсоорой.
Нойр муутай хоносоны маргааш хөдөлгөөний талаас тэнцвэр алдагдана, танин мэдэхүйн хувьд анхаарал сарниж, санах ой ердийнхөөс 20%-аар мууддаг. Хэдийгээр маргааш чухал шалгалттай эсвэл илтгэл тавих гээд бэлдэж байсан ч дуусгах гэж бүү улайр. Шууд хаяад унтахаар хэвтээрэй. Оройноос өглөө сэргэлэн гэдэг шүү дээ. Өрөөл бусдыг хайрлах нь багассан энэ хатуу, хүйтэн нийгэмд өөрийгөө хайрлаж амьдарцгаая.

2 comments:

  1. tustai zovlogoonuud bn.. bayarlalaa. chim min ooroo noirgui yvaad bgaan bish biz? bichsen tsag chin uuriin 5:35am gej bn shuu.. take care, my friend

    ReplyDelete
  2. энэ цагийн тохиргоо буруу байноо. Би ч унтаж идэхээс болсон хүн. Нойр алдана гэж бараг байхгүй шүү дээ ккэ.

    ReplyDelete