Wednesday, April 20, 2011

Архаг өвдөлтийн өвөрмөц бус эмчилгээ- Nonspecific pain treatment

Ойрд онгод орохгүй жаахан тиймхэн байна. Өнөөдөр заавал нэг бичлэг оруулна гэж хүчлээд эхэллээ. Залхуураад байвал залхуураад л байх шинжтэй.

Архаг өвдөлтийн эмчилгээний үр дүн ямар байдаг вэ? Дийлэнх хувьд өвдөлтийн эрчим сулрахаас биш өвдөлт бүр мөсөн намдана гэж байдаггүй. Яагаад вэ гэвэл өвдөлт үүсгээд байгаа шалтгааныг бид арилгаж чадахгүй. Жишээ нь: Хорт хавдар гэж "зэвүүн" өвчин байна. Энэ өвчнөөс болоод шаналж зовж байгаа түмэн хүнийг харахаар сэтгэл сэмэрч, өөрийн мэдэлгүй би хавдрыг үзэн ядаж байна гэж хашгирмаар болдог. Хавдар хүнийг идсээр байгаад л нөгөө ертөнц лүү авч оддог. Хавдрын өвдөлтийг ор мөргүй арилгах аргагүй. Хавдрын бус гаралтай архаг өвдөлт гээд бодонгуут зарим өвчний, өвдөлтийн шалтгаан тодорхойгүй байдаг. Шалтгаан тодорхойгүй өвчнийг эмчилнэ гэдэг харанхуйд зүү хайж буй мэт бэрх даваа. Гэлээ гээд эмч бид бууж өгөх учиргүй. Судална, шинжилнэ, эмчилнэ.
Саяхан би Дэлхийн Өвдөлтийн Нийгэмлэгээс гаргасан сонины 2011 оны 1 сарын дугаар болох
" Өвдөлтийн өвөрмөц бус эмчилгээ" гэсэн сэдвээр илтгэл тавьлаа. Энэ тал дээр хийгдсэн маш олон судалгааны ажил байдаг юм байна. Дийлэнх ажлын үр дүнг нэгтгээд ийм нэг томьёололд хүрчээ. Ерөнхийдөө өвдөлт намдаах нь 3 хүчин зүйлээс хамааралтай.
 1-т өвөрмөц эмчилгээ
 \ хар тамхины бүлгийн болоод бусад өвдөлтийн эмүүд, өвдөлт намдаах хоригууд, бичил мэс ажилбар гэх мэт\ .
   2-т өвчний өөрийнх нь эмгэг жамаар өвдөлт буурах  \ жишээ нь:  цочмог өвдөлтийн эдгэрэх механизм байна. Гэнэт нуруу өвдлөө гэхэд дийлэнхидээ 2 долоо хоногийн дотор өөрөө аяндаа намддаг. Цөөн хувь нь л архаг өвдөлтөнд шилждэг шүү дээ\.
   3-т өвөрмөц бус эмчилгээ орно.  Өвөрмөц бус эмчилгээнд өвчтний зан араншин,  эмч - өвчтний харилцаа гол байрыг эзэлнэ. Өөрөө "ноцтой" эмгэгээр өвдөж, эмчлүүлж байсан эмч өвчтнийг их сайн ойлгодог, тэр хирээр эмчилгээний үр дүн сайн байдаг гэсэн  дүгнэлт нэг судалгааны ажлаас гарсан байна. Өөр бас нэг судалгаагаар хавдартай өвчтнүүдийн хувьд өвдөлтийн хүч, эрчимээс илүүтэй эмчийн харилцаа хандлага чухал нөлөөтэй гэсэн "мессеж" өгсөн байна лээ.
Бас нэг сонирхолтой судалгаа бидэнд чухал зүйлийг ойлгуулах юм шиг санагдаад байгаа болохоор жаахан дэлгэрэнгүй бичнээ. Өрхийн эмнэлэгт хандсан 1000 өвчтнийг түүвэрлэж аваад тэднийг 3 жил дагаж судалсан байгаан. Түүвэрлэлт хийсэн гол зовиурууд нь:  цээжээр өвдөх, хавагнах, ядарч сульдах, толгой эргэх, толгой, нуруу, хэвлийгээр өвдөх, амьсгаадах, бадайрах, нойргүйдэх гэсэн 10 зовиур оржээ. Эдгээр нь өвчтөн эмнэлэгт хандах, эмч анхаарч тэмдэглэх ноцтой шинж тэмдэг мөн тул сонгосон байна. Тэгтэл 3 жил дагаж судалсны дараа зөвхөн 16%-д нь л органик өвчний шалтгаан байсан гэвэл та итгэх үү? Эндээс хүн яах гэж эмчид ханддаг вэ гэвэл " таны энэ зовиур үхэлд хүргэхгүй гэдгийг би баттай хэлж чадна, та тайван байж, энэ эмчилгээг хийхэд сайхан болноо." гэсэн халуун дулаан үгсийг эмчийн амнаас сонсож итгэх гэж л дийлэнх хувь нь эмнэлэгт ханддаг байхнээ. Хэрвээ та эмч хүн бол өвчтөндөө хэр элэгсэг дотно ханддаг вэ? Та өвдөлтөөс илүү өвчтний айдастай эхлээд нүүр тулан тэмцэх ёстой гэдгээ мэддэг үү? Эмч хүний ажлын, эмчилгээний үр дүн харьцаа хандлагаас нь ихээхэн хамаардаг.  Чин сэтгэлээсээ хүнд туслахсан гэсэн хүслээр өвчтнөө ойлгож, халуун дотно уур амьсгал дунд хүнээ эмчилж заншвал өвчтөн тань хурдан илаарших нь байна шүү гэдгийг дэлхий дахинд хийгдсэн олон судалгаа шинжилгээний үр дүнгээр баталчихаад байна гэсэн "мессеж"-ийг л Монгол эмч нартаа түгээхийг хүслээ би.

No comments:

Post a Comment