Wednesday, February 29, 2012

Зовлон шаналал= Эсэргүүцэл * Өвдөлт





3 сараас дээш хугацаагаар үргэлжилсэн өвдөлтийг  “архаг өвдөлт”-нд хамруулдаг. Архаг өвдөлттэй хүмүүс өвдөлтөөсөө илүү айдсандаа хүлэгдээд, амьдралын идэвхитэй үйл ажиллагаанд оролцохоос татгалзана. Энэ нь нийгмээс өөрөө өөрийгөө тусгаарлан сэтгэл гутралын эмгэгт хөтлөх аюултай. Мөн хөдөлвөл л өвдөнө гэсэн айдсаасаа салж чадахгүйн улмаас хөдөлгөөнгүй хэвтэж “ үл хөдлөхийн хам шинж” үүсэх нөхцлийг бүрдүүлнэ. Ингэснээр тахир дутуу болох хүндрэлийг дагуулах уршигтай. Үүгээр би юу хэлэх гээд байна вэ гэвэл айдастайгаа тэмцэх нь архаг өвдөлтийн эмчилгээний үндсэн нэг хэсэг болж явах учиртай. IASP \ Дэлхийн Өвдөлтийн Нийгэмлэг\ - ээс сар бүр Pain update сэтгүүл гардаг бөгөөд хамгийн сүүлчийн дугаарт “Айдсаас зайлсхийх загвар” \Fear avoidance model\  гэсэн эмчилгээний аргыг практикт амжилттай хэрэглэж, судалгааны дүнд ашигтай болох нь батлагдсан гэсэн нийтлэлийг олж уншаад энэ талаар бичих хорхой улам бүр гозолзов. Нотолгоонд тулгуурласан эмчилгээний аргуудыг хэрэглэх , түүнийг олон нийтэд суртачлан таниулах нь эмч хүний үүрэг учраас энэ нэн шинэ орчин үеийн аргыг танилцуулахаар шийдлээ.Буддийн сургаалд бие болоод сэтгэл зүйн өвдөлтийг задлан шинжилж ойлгохгүйгээр эсэргүүцэн зайлсхийгээд байвал зовлон шаналал дээрх 2-ын үржвэртэй тэнцүү гэсэн ойлголт явж байдаг. Архаг өвдөлттэй хүмүүст хийдэг сэтгэл зүйн эмчилгээ нь энэ зайлсхийх, эсэргүүцэх оролдлогыг аль болох багасгаж нэгэнт өвдөлт үүсгээд байгаа шалтгааныг бүрмөсөн устгаж арилгаж чадахгүй ч бид түүнийг тархинд боловсруулахдаа өөрөөр хүлээж авах боломжтой гэсэн онол дээр тулгуурлан явагддаг. Архаг өвдөлттэй өвчтнүүд маань дан ганц өвдөлтөө бодож, түүнийхээ боол болох бус эзэн нь байж, амьдралын үнэт зүйлсээ бодитоор тодорхойлж, амьдралаас авч болох баяр баясгаланг хүртэх эрхтэй. Энэ нь өвдөлттэйгээ танилцаж, түүнийг хүлээн зөвшөөрөхөөс эхэлнэ. Тэгээд бодож бясалгах хэрэгтэй. Өөртэйгөө ярилц. Нэгэнт үүссэн нөхцөл байдалд гутрах бус тэмцэх нь хүний ёс. Төлөвлөгөө гарга. Өдөр өдөр цаг цагаар хийх зүйлээ төлөвлө. Өвчтнүүдийг хараад байхад бие хөнгөрөөд ирэхээр нь биеийн хүчний ачаалал гэнэт авдаг, маш олон ажил амжуулдаг. Тэгээд маргааш нь буцаад хэвтээд өгдөг. Энэ нь тун буруу хэвшил. Амралт, ачаалал 2-ыг тэнцвэржүүлэхийн тулд төлөвлөгөө гаргаж сурах хэрэгтэй. Айдсаас зайлсхийхийн тулд олон аргыг  хэрэглэж болно. Жишээ нь: алхах, дасгал хийх, усанд орох, нүүрээ будах, сахлаа хусах, үсээ самнаж өнгө зүсээ засах, гэр орныхоо ажилд туслах, хүүхдүүдтэй тоглох, өвдөлттэй байгаа хэсгээ хөдөлгөж үзэх, ажлаа хийх, бэлгийн ажил хийх гэх мэт хүний амьдралдаа өдөр тутам хийдэг тэр бүх зүйлсийг хийх байх хэрэгтэй. Дээрх үйлдлүүдийг доош жагсаан бичээд, хүснэгт хийнэ. Хөндлөнгөөр 1. Энэ үйлдлийг хийхэд өвдөх байх гэж айснаасаа болоод би хийхгүй байна уу? 2. Эмч энэ үйлдлийг хийхийг хориглосон уу? 3. Би энэ үйлдлийг бусдаас илүүтэй хиймээр байгаа эсэх? 4. Хэрэв тийм бол өдөрт хэдэн минут хэрхэн яаж эхэлж, ихэсгэх вэ гэдгээ төлөвлөх?

Энэ загвараар хүснэгт хийгээд түүнийхээ дагуу ажиллаад үзвэл яасан юм бэ гэсэн санааг өгөхийг хүслээ. Хэрхэн дэлгэрүүлэхээ уншигч та мэдтүгэй.


No comments:

Post a Comment