Tuesday, March 6, 2012

Mindfulness-Based Stress Reduction for School-Age Children


Уртаашаа өргөөшөө зөвхөн томчууд стрессдэж амьдардаг гэвэл тун чиг өрөөсгөл ойлголт болно шүү таминь. Хүүхдийг хэрхэн хайрлан халамжилж, хүмүүжүүлэх вэ?
Хоол, хувцас, орон байр, сургууль, тоглоомоор хангаад байхад яахаараа хүүхдүүд стресст өртдөг билээ гэж асуумаар санагдаж болох юм. Стрессд өртлөө гэхэд ямар эм өгөх вэ? аль эмнэлэгт хэвтүүлэх вэ? Аль болох түргэхэн шиг зүгээр болгомоор байна гэж асуух эцэг эх олон бий. Тэр бүгдэд таны цаг хэрэгтэй, та хүүхэдтэй ажиллах цаг гарга, энэ л жинхэнэ эмчилгээ болно гэсэн хариулт өгмөөр байна.
Стресс яагаад үүсэв?  Эхлээд шалтгааныг нь хайж олохыг хичээгээрэй. Mindlessness буюу хүн тухайн цагтаа, одоо үедээ төвлөрч чадалгүй өнгөрсөн эсвэл ирээдүйд санаа зовниж, хоолоо хэрхэн идсэнээ, нэг газрааас нөгөө лүү хэрхэн очсоноо санахгүй байх нь стресс үүсгэдэг. Тэгвэл эмчилгээ нь эсрэгээр mindfulness буюу одоодоо төвлөрсөн дасгалууд дээр суурилан явагдана.
Жишээ болгож хэдэн дасгал танилцуулая. Бяцхан өөрчлөлт, баяжуулалт бүхий тохиргоог та өөрөө хийгээрэй. Монголчлоод явчихая гэдэг шиг гэр бүл бүхэн өөрийн гэсэн хэв маягтай. Түүндээ тохируулах нь байна шүү дээ.
Жишээ дасгал №1
Хүүхэдтэйгээ хамт хоолны ширээний ард суулаа. Та гадил, хүү тань алим авчээ. Эхлээд тухайн жимснийхээ өнгө, хэлбэр, үнэрийн талаар ярилцана. Тэгээд эхний хазалтаа хийлээ. Хазалт бүрд нэг минут зарцуулаарай. Тэгэнгээ хэл, шүд, уруул хөдөлгөөнд хэрхэн оролцож байгаа,  жимсний амт өөрчлөгдөж байгаа эсэх талаар ярилцаад явах жишээтэй. Одоодоо төвлөрч сурах энгийн арга нь хооллолт юм.
Жишээ дасгал №2
Хүүхдүүд аялах дуртай байдаг. Шинэ содон нээлтүүдээр баян байдаг нь хүүхэд насны гайхамшигт онцлог юм. Тэгэхээр сонирхол дээр нь тулгуурлаад, хүүхдийн оюун санааг амраах дасгал хийж болно. Гол нь та хүүхдийн зүрхэнд хүрч очихуйцаар ярьж чаддаг байх явдал хамгаас чухал. Жишээ нь:
" Хүүхдүүдээ та нар аялах дуртай юу? Хамтдаа бяцхан аялал хийцгээе. Нэгэн чимээ аниргүй, хөдөлгөөнгүй гоё газартай танилцая. Тийшээ очиход онгоц, машин, галт тэрэгний аль нь шаардлагагүй.  Нүдээ аниад хэвтэхэд л хангалттай. Энэ газар та нарын бие дотор оршин байдаг, хаашаа ч хэзээ ч алга болохгүй, бас их сайхан зантай, хэдийд ч та нарыг хүлээн авахад бэлэн байдаг тийм онцгой газар юм. Очихыг хүсч байна уу?
За тэгвэл нүдээ аниад хэвтэе, хамраараа амьсгал аваад, амаа ангайлгаад аажуухан амьсгалаа гаргана. Энэ дасгалыг 3 удаа хийнэ шүү. Сайн байна. Одоо өөрийн биеэ мэдрэхийг хичээгээрэй. Ямар нэгэн дулаан эрчим биеэр чинь гүйж байгааг мэдэрч байна уу? Уур хүрсэн, уйлмаар санагдсан, хэн нэгэнтэй ярилцахыг хүссэн үедээ энэ "чимээгүй газартаа" зочилж байгаарай. Хүссэн хугацаагаараа саатаж болно. Бас ярилцаж болно. Хэн ч чамд саад хийхгүй гэж бод доо."
Иймэрхүү маягаар 3-7 насны хүүхдүүдэд тайвшрах аргыг танилцуулах боломжтой. 20- 25 минутын турш чимээгүй орчинд хэвтэж, өөрөө өөртэйгөө ярилцах нь бүх насны хүмүүст стресс багасгах үр дүнтэй. Үнэрт лааны гэрэлд, сонгодог хөгжим сонсонгоо гэр бүлийн бүх гишүүд хамтдаа хийвэл илүү үр дүнтэй. Байнгын дасгалжилт, итгэл үнэмшил энэхүү эмчилгээг зөв бөгөөд ашигтайгаар хийхэд тусална.
Жишээ дасгал №3
Мэдрэмж яагаад нэртэй байж болохгүй гэж? Мэдрэмж яагаад өнгөтэй байж болохгүй гэж?
Уурыг заавал уур гэж нэрлэх албагүй биз дээ? 
Тэгэхээр хүүхдэд өөрийн сэтгэл хөдлөлдөө нэр өгөх, түүний талаар ярилцах, өнгөөр ялгах боломжыг олго, санааг нь өг, чиглүүл. Үүн дээр төвлөрч ярилцаад үзэх хэрэгтэй. Жишээ нь: аавынх нь "нар" \ мэдрэмж\ өнөөдөр саарал өнгөтэй болчихлоо. Учир нь: Ажил дээрээ алдаа гаргаж, даргадаа загнуулсан болохоор тэр шүү дээ гэдэг ч юм уу? Харин чиний "нар"-ны өнгө өөрчлөгдөв үү? Хэр өдөр болж өнгөрөв дөө гэх мэтээр стресс үүсгээд байгаа зүйлийнх нь талаар яриулах боломж олгоорой.
Жишээ дасгал №4
Алхах дасгалыг хамтдаа хийж болно. Гудамжаар алхангаа ойр хавьд юу юу байгааг тоочуулах, хамтдаа дэлгүүр, албан байгууллагын хаяг унших, өнгөрөх машинуудыг өнгө, маркаар нь ялгах, хүмүүсийн тухай яриа дэлгэх гэх мэтчилэн яг одоо болж байгаа үйл явдалд  анхаарлыг нь төвлөрүүлэх энгийн бөгөөд зугаатай дасгал юм.
Энэ мэтчилэн сонирхолтой дасгалуудыг зохиогоорой, чихрийг бусадтайгаа хуваалцвал илүү амттай байдаг даа.
Амжилт хүсье.


No comments:

Post a Comment