Friday, March 23, 2012

Эмч байнаа гэдэг ийм л байдаг юм даа

Стефан Цвейг " Танихгүй эмэгтэйн захидал" номын, "Улангасал- Амок" зохиолын хэсгээс

Би өөрийгөө мартаж орхижээ. Оюун ухаан маань саруул болж байна. Би хүний амь насны дээгүүр харанхуйлан нөмөрч буй үхлийн хар үүлтэй тэмцэлдэх ажилдаа орлоо. Нөгөө миний хүсэж мөрөөдөж, тачаангуйлдаж явсан нүцгэн биеийг одоо би.....юу ч гэх юм бэ дээ. Зүгээр л организм, матери шиг мэдэрч миний өмнө тэр хүүхэн гагцхүү үхэлтэй өрсөн тэмцэлдэж буй амьдрал, тамын өвчинд дарагдаж эвхрэлдсэн хүн л байлаа. Түүний халуун бүлээн цус....Хүүхний ариун эрдэнэт цус миний гарыг даган урсаж байна. Гэвч би айсан ч үгүй, сандарсан ч үгүй....би яг л эмч хүний үүрэг ёсоор ажиллалаа. Надад зөвхөн зовж туйлдсан л эмэгтэй харагдаж байлаа. Бүх юм өнгөрсөн нь үзтэл илэрхий байв. Тэр хүүхний амийг зөвхөн ид шид л аварч магадгүй.

......Ингээд,  ингээд үхэлтэй тэмцэх үргэлжилсэн тэмцэлдээн эхэллээ...

....Хүний хүн та мэдэж байна уу? Та бол түшлэгтэй зөөлөн сандал дээр суугаад, ертөнцийг тойрон зугаалж цэнгэж явдаг хүн шүү дээ. Үхэж байгаа хүн ямар байдгийг мэдэх үү? Та үхэж байгаа хүний дэргэд байж үзсэн үү? Мах, арьс нь яаж таталдаж байгааг нүдээрээ үзсэн үү? Хөл гар нь яаж хөхөрч эзэнгүй унжиж байхыг ер нь харсан уу? Хоолой нь яаж хэржигнэж байхыг сонссон уу? Өршөөлгүй үхлийн хий үзэгдэлтэй судас, шөрмөс, эрхтэн бүр нь тэмцэлдэж, үгээр хэлж баршгүй аймшигт зовлонд нүд нь аяганаасаа бүлтэрч байхыг харсан уу? Тан шиг тусламж үзүүлэх үүрэгтэй гэж боддог хүнд, тан шиг жуулчин, тан шиг жаргалтай хүнд тийм үхэл зовлон тааралдаж байсан уу? Би ийм юм олныг үзсэн. Энэ бүхнийг эмчийн ёсоор харж ажигладаг. Энэ бүгд надад эмнэлгийн тохиолдол байлаа. Тэр бүгдийг би судалж байсан юм.
Харин тэгэхдээ эмч байсан энэ хугацаандаа  ганцхан удаа тэр хүүхэнтэй хамт л зовж тарчилсан юм. Үхэж байгаа өвчтөнтэйгөө цуг зовлон эдэлж байгаа минь тэр юм. Би тэр шөнө...тэр аймшигтай хар дарам шөнө, тэр хүүхэнтэй үнэндээ хамт үхсэн юм шүү. Тэр хүүхний орны дэргэд сууж байхдаа хэдийн зайлуулж дийлэхгүй болчихсон, аль хэдийн хаяанд тулаад ирчихсэн үхлийг няцаах, дийлэх юм олох гэж энэ хүүхнийг харсаар байтал шарж шатааж байгаа халууныг хэсэг ч болсон, түр зуур ч болсон, намжаах арга сүвэгч олохсон гэж, асгарч байгаа ариун сайхан халуун цусыг нь тогтоох арга ухаан олох гэж тархи толгойгоо өвтгөж байлаа. Та харж байгаа биз дээ.
Эмч байнаа гэдэг ийм л байдаг юм даа. Эмч хүн өвчин бүрийг мэдэж таньж байх ёстой. Та өөрөө түрүүн их үнэн, үндэстэй хэллээ. Харин тэгэхдээ эмч хүн туслах үүрэгтэйгээ ухамсарлан ямар ч тус хүргэж чадахгүй гэдгээ мэдлээ ч, тэр өвчний өмнө ямар ч хүч чадалгүйгээ ойлгож байлаа ч гэсэн үхэж байгаа өвчтөнөө хаяж орхилгүй сахиж сууна гэсэн үг шүү. Юу ч тус болохоосоо өнгөрчээ гэдэг цорын ганц үнэнийг мэдэж байсан ч ялгаагүй. Өөрийнхөө бүх судсыг хавж өгөөд тус болохгүй байлаа ч гэсэн хамаагүй. Эмч байна гэдэг чинь хайрлан таалдаг хүнийхээ биенээс ариун сайхан цус нь хайр найргүй урсаж байгааг харна гэсэн үг. Үе үе тасалдан, сулхан цохилж байгаа судсыг нь дарж үзэж, тоолж сууна гэсэн хэрэг. Эмч байна гэдэг чинь бурхан байхгүй гэдгийг мэдсэн мөртөө харамч хар бурхныг гар зангидан зүхэж үглэж байдаг салга чавганц шиг маани мэгзэм үглэн өвчтнийхөө дэргэд суух хэрэг шүү дээ. Ойлгож байна уу? Би...би ганцхан юм ойлгодоггүй байлаа. Юу вэ гээч? Тийм мөчид хүн үхэхгүй тэсэж байна гэдэг мөн хачин юм шүү. Тийм юм үзчихээд яаж унтаж, яаж өглөө сэрж болж байнаа? Яаж хээв нэг шүдээ угаадгаараа угааж, яаж тоох ч үгүй зангиагаа зүүж болдог юм бэ? Тэгэж зовж ядарсны дараа амьдарч яаж болдог юм бэ? Яаж зовж байсан нь цөм тархи толгойд тэр чигээрээ, халуун сэргэг хэвээрээ байлаа. Энэ хүн бол би бүх сэтгэл зүрхээрээ, бүх чадлаараа, амийг нь аврах гэж тэмцэлдсэн цорын ганц хүн минь юм шүү дээ. Тэр хүн маань надаас үл үзэгдэх газар тийш улам улам холдсоор байв. Надаас, амьдралаасаа, нарт ертөнцөөс хором хормоор улам түргэн холдсоор байлаа. Хичнээн ч чармайгаад эцэж ядарсан толгой тархинд минь тэр хүүхнийг энэ ертөнц дээр барьж тогтоох, тийм арга ухаан орж ирсэнгүй ээ, олдсонгүй ээ...
Миний энд байгаа, шалаар мөлхөх шоргоолж 2 яг ижилхэн гэдгийг ойлгож байлаа...


No comments:

Post a Comment