Wednesday, April 11, 2012

ICF - Олон Улсын Үйл Ажиллагааны Ангилал

Олон Улсын 10-р Ангиллыг эмч нар маань практикт хэдийн хэрэглээд эхэлчихсэн явж байгаа. Харин Үйл Ажиллагааны Ангиллыг одоо л дөнгөж Монголд нэвтрүүлэхээр зэхэж байна. ДЭМБ-ээс 2002 онд Олон Улсын Гэмтэл, Чадвар алдалт, Хөгжлийн Бэрхшээлийн Ангиллын 1980 оны хувилбарыг засварлаад ОУҮАА \ Олон Улсын Үйл Ажиллагааны Ангилал\ нэртэйгээр 54-р чуулга уулзалтаар баталгаажуулж, гишүүн орнууддаа хэрэглэхийг зөвлөжээ. Монгол Улсын ЭМЯ энэ ангиллыг практикт хэрэгжүүлэхээр ажлын баг томилж, идэвхитэй ажиллацгааж байгаа юм байна.  Миний бие энэхүү ангиллын монгол орчуулгыг хянах, засварлах үүрэгтэйгээр нилээн олон хоног сууж байгаагийн хувьд блог уншигч эмнэлгийн ажилчиддаа зориулаад бяцхан мэдээлэл өгье гэж бодлоо. 10-р ангилал бол өвчний шалтгааныг заадаг. Харин ОУҮАА нь тухайн хувь хүний үйл ажиллагаа ямар түвшинд алдагдсан бэ гэдгийг зааж өгнө. Хэрвээ дээрх 2 ангиллыг хослуулан хэрэглэвэл 1-т: өвчтний талаар өндөр нарийвчлалтай мэдээлэл өгөхөөс гадна цаашид авах арга хэмжээг төлөвлөхөд чухал ач холбогдолтой. 2-т:  Сэргээн засалч эмч нарын хувьд даатгалаас мөнгө гаргуулж авах гол үндэслэл нь ОУҮАА. Энэ ангиллыг практикт нэвтрүүлэх нэг хэрэг, ашгийг нь гаргаж, амьдралд хэрэгжүүлж хэвших нь сэргээн засалч эмч нарын сэтгэл зүтгэл, мэдлэг мэдэх хэрэг болж байна.
Үйл ажиллагааг 3 өнцгөөс харж үнэлнэ. Биемахбодь, хувь хүн, нийгэм талаас үнэлгээг хийнэ. Дотроо үндсэн 2 хэсэгтэй. Үүнд: 1. Үйл ажиллагаа ба чадвар алдалт 2. Орчны хүчин зүйлс орно. 1-р хэсэг нь дотроо биеийн бүтэц ба үйл ажиллагаа, зорилгот үйл ба нийгмийн оролцоо гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгт хуваагдаад энэ дотроо дэд хэсэг, зүйл ангиудад хуваагдаад явна. Орчны хүчин зүйлс гэдэгт хувь хүний ба хүрээлэн буй орчны хүчин зүйлс багтана.
хувь хүний хүчин зүйлсийг энэ ангилалд ангилаагүй болно. Үүнд: хүйс, арьс өнгө, нас, бие бялдар, амьдралын хэв маяг, зуршил, тэмцэх чадвар болон бусад хүчин зүйлүүд багтана. Шаардлагатай тохиолдолд мэргэжилтэн эдгээрийг өөрөө үнэлнэ.
Чадвар алдалт гэсэн ойлголтыг орчны хүчин зүйлстэй уялдуулахгүйгээр тайлбарлана гэдэг бол амтгүй хоол л гэсэн үг. Утга болоод учир шалтгааны хувьд дутагдалтай.
  За тэгээд мэргэжил нэгт нөхөд минь энэ оны хагасаар монгол хэл дээр бичигдсэн ангиллын стандарт бэлэн болно. Хэрэглээд, хэвшээд, мэргэжлийн оношоо тавьж, мэдлэгээ үнэлүүлээрэй гэж ерөөе. Нэр томьёог хөрвүүлнэ гэдэг ихээхэн бэрх ажил байгааг нуугаад яахав. Таны гарт тун удахгүй очих 250 хуудастай нарийвчилсан ангилалтай холбоотой асуулт, санал хүсэлт, шүүмжлэлийг дуртайяа хүлээн авах болно.