Thursday, April 26, 2012

Geriatric Rehabilitation - Ахмадын СЗЭ

Ээж аав, эмээ өвөөдөө хайртай юу? гэж асуувал нэгэн дуугаар "хайртай" гэж хариулах бизээ. Нас ахиад ирэхээрээ хүүхэд шиг болчихдог, хөөрхөн хүмүүс шүү дээ ахмадууд маань. Хайрласандаа халамжлах юмсан, туслачих юмсан, баярлуулчих юмсан гэсэн сэтгэл биднээс ундраад байдаг. Харин хаанаас яаж эхлэхээ мэддэггүй. Эмч нарт үзүүлэхээр настнууд маань очно, тоймгүй олон зовиур хэлэх хүн ч бий, зарим үед настай чинь холбоотой өөрчлөлт гэхээс өөр хэлэх үггүй болох удаатай. Тэгвэл шинжлэх ухааны үндэслэлтэй зарим нэг мэдээллийг танд бэлэглэхээр шийдлээ.
"Эмгэг өтлөлт"- ийг мэдэхийн тулд "эрүүл өтлөлт"-ийн талаар эхлээд мэддэг байх хэрэгтэй.
Эрүүл насжилтын үед бүх эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа аажмаар буурдаг. Үүнд:
1. Эрхтэн системийн нөөц чадвар буурна \ энэ нь их ачаалалтай ажил, стрессийн үед илэрнэ\
2. Биемахбодийн дотоод зохицуулгын хяналт буурна. \ жишээ нь: дулааны зохицуулга алдагдах, мэдрэлийн төгсгөлүүдийн мэдрэг чанар буурах гэх мэт\
3. Гадаад орчны янз бүрийн хүчин зүйлд дасан зохицох чадвар буурна
4. Янз бүрийн цочруулд хариу өгөх чадвар буурдаг.
Эдгээр өөрчлөлтүүд нь янз бүрийн өвчин эмгэгийн үед улам ихэсдэг байна.  Эрүүл өтлөлт маань ямар үед эмгэг өтлөлт лүү шилжчихээд байдаг юм бэ? гэвэл үүнд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйлс бий.
А. Биологийн хүчин зүйлс буюу хавсарсан өвчин эмгэг, доройтол, үений хөшингө, олон эм уух явдал
Б. Сэтгэцийн хүчин зүйлс буюу танин мэдэх чадвар буурсан байх, сэтгэлээр унаж гутарсан байх, амьдрал хүсэл эрмэлзэлгүй болох
В. Нийгмийн хүчин зүйлс буюу нийгмийн буруу ойлголт, халамж үйлчилгээ муу байх, барилга байгуулалтын зохион байгуулалт муу байх, тэтгэвэр тэтгэмж хангалтгүй байх зэрэг нь нөлөөлнө.
Ахмад настны үйл ажиллагааны чадварыг үнэлэх сорил байдаг. Үүнийг эмч нар маань ажилдаа хэрэглэх боломжтой шүү.

А- хялбархан гүйцэтгэж чадна
Б- хийхэд зарим нэг бэрхшээлтэй
В- хийж чадахгүй
Шалгуур:
1. Хурууны 1-р үеэр толгойн оройд хүрэх
2. Бүсэлхийн ар хэсэгт хүрэх
3. Хурууны үзүүрээр алганы зураасанд хүрэх \ чадахгүй байвал атгах хүчийг шалгаарай\
4. Гарын алгаар эсрэг талын хөлний дунд чөмөгний толгойд хүрэх
5. Долоовор хурууны өндгөөр эрхий хурууны өндгөнд хүрэх
6. Сууж байгаад хөлийн хуруу, гутландаа хүрэх
7. Гадны тусламжгүйгээр зогсох
За тэгэхээр 65-аас дээш настай ахмадууд маань дээрх үйлдлүүдийг хийж чаддаг л байх ёстой. Чадахгүй байна гэдэг нь "эмгэг өтлөлт" -ийн шинж.


"АШИГЛА, ҮГҮЙ БОЛ АЛДАНА" = ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ЧУХАЛ


Зуу насалж, зургаадай таяг тулж, үр ач бидэндээ үргэлж харагдаж байхын ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье ээ.