Wednesday, May 2, 2012

Stroke №2 -Цус харвалттай холбоотой үүсэх чадвар алдалтууд


Цус харвалт бол элбэг тохиолддог эмгэг, нийт харвалт өгсөн хүмүүсийн 33% нь нас бардаг. Утсан дээр алхан байж амьд үлдсэн өвчтнүүдэд бүгдэд нь сэргээн засах эмчилгээ зайлшгүй чухал ач холбогдолтой. Яагаад гэвэл тэдний тархины нэгээхэн хэсгийг баллуурдаад арилгачихсан бөгөөд энэ нь 5 төрлийн чадвар алдалтыг араасаа дагуулдаг. Тархины аль хэсэг гэмтсэнээс шалтгаалан арай өөр өөр хувилбарт шилжинэ. Энийг бичиглэх болсон учир гэвэл хэрвээ таны ойр дотны хүн энэ өвчнөөр өвдсөн бол тэднийгээ ойлгоорой. Таны хайртай хүн гэнэтхэн танихгүй хүн болсон мэт санагдаж болно. Санаагаар болоогүй, өвчнөөс болсон шүү гэдгийг ойлгож, тэднийгээ гэх халуун хайрын сэтгэлээ бүү дундруулаасай гэж хүснэ.

Тархины цус харвалтын дараа ямар чадвар алдалтууд үүсдэг юм бэ?
1. Саа саажилт буюу хөдөлгөөний хяналттай холбоотой бэрхшээл
Энэ нь хамгийн элбэг тохиолддог чадвар алдалт юм. Тархины гэмтсэн хэсгийн эсрэг талын бие саажих нь олонтоо тохиолдоно. Хэрвээ тал бие огт хөдөлгөөнгүй болсон бол гемиплеги гэнэ. Харин булчин суларсан ч хөдөлж байвал гемипарез байна. Энэ чадвар алдалтаас болоод тухайн өвчтөн маань өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоход бэрхшээл учирна. Хэрвээ тархины доод бага тархи гэмтсэн бол зохицолт хөдөлгөөний үйл ажиллагаа алдагдсанаас биеийн байршил өөрчлөгдөх, тэнцвэр алдах, алхаанд бэрхшээл учрах шинжүүд илэрнэ.
2. Мэдрэхүйн үйл ажиллагааны алдагдал (үүнд өвдөлт багтана)
Цус харвалтын дараа өвчтөн хүрэлцэх, дулааны, өвдөлтийн, байршилын мэдрэхүйгээ алдаж болно. Өвчтөн барьж буй зүйлээ танихгүй мэдрэхгүй бүр хүнд тохиолдолд өөрийн хөл гарыг ч таньж мэдрэхээ больдог байна. Зарим өвчтөнд парастези буюу арьс жирвэгнэх, чимчигнэх, бадайрах мэдрэмж төрж болно. Тархинд ирэх өвдөлтийн сэрлийг хүлээж авч боловсруулах хэсэг гэмтсэнтэй холбоотой байнгын архаг өвдөлт мэдрэгдэж болно. Мөн саа саажлаас болоод хөдөлгөөнгүй удсантай холбоотой мөр өвдөх нь элбэг.
3. Хэл яриаг ойлгох болон хэрэглэхэд бэрхшээл учрах
Цус харвалттай өвчтний 25%-д хэл ярианы бэрхшээл үүсдэг. Ярих, бичих, унших, ойлгоход бэрхшээлтэй болно. Тархины зүүн талд хэл ярианы төв байрлах бөгөөд Брокийн хэсэг гэмтсэн тохиолдолд тухайн хүн маань өөрийн бодлыг дүрмийн дагуу эвлүүлэн өгүүлбэр болгон хэлж чадахаа байдаг. Хэрвээ түүнээс доохон байрлах Верникийн төв гэмтвэл өөр бусдын хэлж ярьж байгааг ойлгож чадахаа байдаг.  Хэдийгээр дүрмийн хувьд алдаагүй зөв өгүүлбэр хэлж чадах ч харилцан ярьж буй хүний яриаг ойлгодоггүйгээс огт өөр утга авцалдаагүй зүйл ярих нь элбэг. Хэл ярианы хэд хэдэн төв гэмтсэн бол глобал афази буюу хэл яриатай холбоотой бүх үйл ажиллагаа алдагдана. Хүний ярьсныг ойлгохгүй, өөрийн бодлыг эвлүүлэн хэлж чадахгүй, уншиж, бичиж чадахгүй болдог байна.
4. Сэтгэн бодох, санах ойтой холбоотой үүсэх бэрхшээл
Цус харвалтын дараа анхаарал төвлөрүүлэх хугацаа богино болно. Ойрын хугацаанд болсон үйл явдлыг санахаа болино. Төлөвлөгөө боловсруулж чадахгүй, шинэ зорилгот үйлийг хийж чадахгүй, саажсан талыг мэдрэхгүй, тэр талаараа хариу үйлдэл үзүүлж чадахгүй, шинээр зорилгот хөдөлгөөн хийхэд суралцах чадваргүй болж болно. Хэд хэдэн алхам бүхий үйлдлийг гүйцэтгэх чадвараа алддаг байна. Өөрөөр хэлбэл бодол, үйлдэл хоёрын хоорондын холбоос алдагдана гэсэн үг.
5. Сэтгэл хөдлөлд бэрхшээл үүсэх
Биемахбодь болоод сэтгэцийн талаас алдагдсан чадваруудын араас харамсан гашуудах нь зүй ёсны хэрэг. Тиймээс өвчтөн ууртай, түгшүүртэй, гунигтай, айдастайгаар амьдарч эхэлдэг. Энэ нь сэтгэл зүйн хэвийн хариу урвал. Харин тархины аль хэсэг гэмтсэнтэй холбоотой мөн хувь хүний зан төрх, ааш араншин хувирч өөрчлөгдөж болно.