Wednesday, April 27, 2016

Ketogenic diet- Кетоны дэглэм



Энэ нь өөх тос түлхүү хэрэглэж, нүүрс ус маш бага иддэг дэглэм юм. Сүүлийн үед хийгдсэн 20 судалгаагаар энэ дэглэм нь эрүүл мэндийг сайжруулж, жин хасдаг болох нь тогтоогдсон. Анх 1920 онд эпилепситэй (татаж унадаг) хүмүүст зориулж энэхүү дэглэмийг зохиосон байна. Орчин үед чихрийн шижин, хорт хавдар, эпилепси, Алцгеймэрийн өвчтэй хүмүүст болон турахыг хүсэгч хэн бүхэнд энэхүү дэглэм нээлттэй болжээ. Уншигч та ч мөн адил энэ дэглэмийг барих боломжтой.
Кетоны дэглэм гэж юу вэ?
Нүүрс усны хэрэглээгээ эрс багасган, өөх тосны хэрэглээг эрчимтэй нэмэгдүүлсэнээр та кетоз-д орох болно. Кетоз-д орсноор таны бие махбод энергийн эх үүсвэрийг өөхөө задалж олно гэсэн үг. Элгэнд өөх кетон болж задарснаар таны тархи кетоноор цэнэглэгдэх боломжтой болно. Кетоны дэглэмийг баримтлаад эхлэхээр цусан дахь сахарын хэмжээ эрс буурч, инсулины түвшин багасна. Эсрэгээр кетоны түвшин нэмэгдэнэ.
Кетоны дэглэмийн төрлүүд
А. Стандарт кетоны дэглэм: өдөрт авах нийт илчлэгийн 75% нь өөх тос, 20% нь уураг, 5% нь нүүрс ус байна.
Б.  Мөчлөгт кетоны дэглэм: үе үе нүүрс ус ихээр авах боломжтой дэглэмийг хэлнэ. Жишээлбэл: 7 хоногийн 5 өдөр нь кетоны дэглэмээр яваад үлдсэн 2 хоногт нь хүссэн хэмжээгээрээ нүүрс ус хэрэглэж болно.
В. Зорилгот кетоны дэглэм:  Эрчимтэй дасгалаар хичээллэдэг хүмүүс дасгалын өмнө болон дараа нь нүүрс ус хэрэглэж болдог дэглэм юм.
Г. Уураглаг кетоны дэглэм: уураг харьцангуй өндөр хэмжээгээр авч болдог дэглэм бөгөөд өдрийн хооллолтын макро элементийн харьцаа нь өөх тос 60%, уураг 35%, нүүрс ус 5% байна. Гэхдээ эдгээр төрлүүдээс хамгийн их судлагдсан нь стандарт болон уураглаг кетоны дэглэмүүд юм. Тэр дундаа стандарт кетоны дэглэм хамгийн их үр дүнтэй болох нь нотлогдсон. Мөчлөгт болон зорилгот кетоны дэглэм нь тамирчдад илүү зохимжтой.
Жингээ хасахад тань кетоны дэглэм тусална
Эсрэгээр өөх тос багатай хоолны дэглэмүүдээс илүүтэй тураадаг болох нь судалгаагаар нотлогджээ. Өөх тос ихтэй дэглэм учраас өлссөн мэдрэмж төрөөд байхгүйгээс гадна идэж ууж буй бүхнийхээ илчлэгийг тоолж стресстэхгүйгээр турах боломжтой. Нэгэн судалгаагаар кетоны дэглэм баримталсан хүмүүс илчлэг хязгаарлагдмал, өөх тос багатай дэглэм барьсан хүмүүсээс ижил хугацаанд 2.2 дахин илүү жингээ хаясан. Түүнээс гадна өндөр нягтралтай липопротейн буюу “сайн” холестролын түвшинг нэмэгдүүлдэг болох нь нотлогдов. Бас нэгэн сонирхолтой судалгаагаар Английн Диабетын Холбооноос өгсөн зөвлөмжийн дагуу хооллосон хүмүүсээс кетоны дэглэм барьсан нь 3 дахин илүү жингээ хассан болох нь тогтоогтов. Яагаад өөх тос багатай дэглэмээс илүүтэй үр дүнтэй байна вэ гэвэл нэгт уургийн хэмжээг нэмсэнтэй холбоотой хэд хэдэн сайн талууд гарсан, хоёрдугаарт кетон нэмэгдээд цусан дахь сахар буураад ирэхээр бие махбодын инсулинд мэдрэг чанар нэмэгддэг нь турах хамгийн том түлхүүр болж өгч байна гэж үзжээ.

No comments:

Post a Comment