Monday, April 4, 2016

Weight control hormones №2 LEPTIN- ЛЕПТИН



Лептин

Лептин нь өөхний эсүүдээс ялгардаг даавар юм. Цадалтын даавар ч гэж нэрлэх нь бий. Ерөнхийдөө тархинд бие махбодид хангалттай өөх байгаа учраас нэмж битгий ид гэсэн дохиог дамжуулсанаар хоолны дуршлыг багасгаж, хэт их идэхээс сэргийлдэг байна. Хоолны дуршлыг хянадаг төв нь гипоталамуст байрладаг. Илүүдэл жинтэй болон таргалалттай хүмүүсийн цусан дахь лептиний хэмжээ эрүүл хэвийн жинтэй хүнтэй харьцуулахад 4 дахин ихэссэн байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Тэгвэл “цадах мэдрэмжийг” түгээдэг лептин их байгаа юм бол тэдгээр тарган хүмүүс их идэхгүй биз дээ гэсэн логик гарч ирнээ дээ. Харамсалтай нь тарган хүмүүсийн лептиний тогтолцоо хямарч гажсан байдаг. Үүнийг анагаах ухаанд “лептинд тэсвэртэй байдал” үүсэх хэмээн нэрлэдэг.
Лептиний дохио дамжуулалт хямраад ирэхээр тархинд цадлаа гэсэн мэдээлэл хүрдэггүй. Ингэмэгц тархи бие махбод өлсгөлөн шатанд шилжлээ гэж санаад үүнийг засварлахын тулд илүү их инсулин гаргахыг шаарддаг. Ингээд удаан хугацаанд өндөр байсан инсулин нь лептинд тэсвэртэй байдлыг өдөөхөөс гадна лептинд тэсвэртэй байдал үүсмэгц эргээд инсулины түвшинг нэмэх хандлагатай болно. Өөрөөр хэлбэл нэг нэгнийгээ нөхцөлдүүлж буй энэхүү буруу ташаа циклийг таслахгүй бол таргалалт хэмээх өвчин маань даамжирсаар байх болно. Хүн тэсвэр тэвчээр гарган хоолны хатуу дэглэм барьж турдаг боловч эргээд таргалах нь элбэг. Үүнийг мөн лептиний хэмжээ багассантай холбоотойгоор тархи бие махбод өлсгөлөнд нэрвэгдлээ гэж санаад өөхөө нөөцлөхийн төлөө бүгдийг хийдэгтэй холбон тайлбарлаж болох юм. Тэгэхээр лептинд тэсвэртэй байдал үүсэхэд нэг талаар удаан хугацаанд инсулины түвшин өндөр байх, нөгөө талаас гипоталамуст үрэвсэл явагдсан байдал нөлөөлнө.


Тэгвэл лептинд мэдрэг болохын тулд та юу хийх хэрэгтэй вэ?

1.      Үрэвсэл даамжруулагч өдөөгч хоол хүнснээс татгалз. Үүнд: бүх төрлийн чихэртэй ундаа, транс тос орно.
2.      Үрэвслийн эсрэг нөлөөтэй, органик бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэ. Жишээлбэл: бэлчээрийн малын мах, хүйтэн усны өөхтэй загас гэх мэт
3.      Тогтмол дасгалаар хичээллэ.
4.      Өдөр бүр тогтсон цагт унтаж занш. Шөнө бүр хангалттай буюу 8 цагийн нойр авч байх нь маш чухал юм.
5.      Нэмэлт бүтээгдэхүүн: нэгэн судалгаагаар загасны тос болон альфа липо хүчлийг нэмэлтээр өдөр бүр хэрэглэх нь жин хасах болон лептинд мэдрэг болоход эерэг нөлөө үзүүлсэн болох нь батлагджээ.
Тэгэхээр эцэст нь дүгнээд хэлэхэд үрэвслийн эсрэг хүнсийг сонгож идэх, сайн унтаж амрах, тогтмол хөдөлгөөнтэй байх нь лептинд мэдрэг болох үйл явцыг дэмжихнээ.

No comments:

Post a Comment