Хүүхэд байхаас нэг ийм бодол төрдөг байлаа. Зарим хүмүүсийн алхаа эвгүй харагддаг даа. Түнх нь мултарсан ч юм уу, сайрга хөлтэй, саажилттай гэх мэт шалтгаанаас болоод. Энэ нь тэдний өөрт итгэх итгэл, гоо үзэмжинд муугаар нөлөөлдөг. Тэрэндээ гутрах хүн ч олон. Тэгээд шидтэн болоосой, хуруугаа инчдэх зуурт алхааг нь засаад өгчих юмсан, тэгвэл энэ хүн мөн ч их баярлана даа гэж мөрөөддөг байв. Хэзээ хойно тэр нэг өдөр сэргээн засалч их эмч болчихоод сууж байхдаа, нээрээ эмгэг алхаа засах нь мэргэжлийн маань салшгүй нэг хэсэг шүү дээ гэж бодсон энэ салбарт багтсандаа бахархахын зэрэгцээ хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж байгаа мэт нэг тийм дүүрэн мэдрэмж төрж билээ.
Ингэхэд та алхааны талаар хэр ихийг мэддэг вэ?
1. Хөл газар хүрэлцэх үе \60%\
- өсгийгөөр газар тулах үе
- хөл улаар газар тавигдах үе
- 2 хөл газар хүрэлцэх үе
- өлмий дээр түлхэлт хийх үе
2. Хөл газраас хөндийрөх үе \ 40%\
- хөл газраас хөндийрч урагш шилжих үе
- хөл газраас хөндийрч хамгийн өндөрт өргөгдөх үе
- хөл доошилж газар өсгийгөөр гишгэх үе
Алхааны хэмнэл гэдэг нь нэг минутанд хийх алхмыг хэлдэг бөгөөд насанд хүрсэн хүн 1 минутанд 90-120 алхам хийдэг.
"Эмгэг алхааг таних, түүнийг засах "
1. Тредленбургын алхаа
Gluteus medius булчингийн сулралын үед дасан зохицолт хийх зорилгоор гэмтсэн талын хөлөнд биеийн жин ирэх үед цээж тэр тал руу хазайдаг. Энэ үед Тредленбургын шинж илрэх бөгөөд энэ нь зогсох үед биеийн жинг гэмтсэн талын хөлөнд авхуулахад нөгөө талын аарцаг нь дор байдаг. Тэгэхээр энэ тохиолдолд хонгоны дунд булчинг хөгжүүлэх дасгал хийнэ гэсэн үг юм.
2. Scissors gait- Хайчин алхаа
Түнх ойртуулагч булчингийн тонус ихсэх, чангарах үед хайчин алхаа бий болдог. Хөл биеийн урд хоорондоо солбицож явдаг. Тархины саатай хүүхдүүдэд элбэг тохиолддог. Энэ тохиолдолд арьсны арчилгааг сайн хийж өгөх хэрэгтэй, арьс цоорохоос сэргийлвэл зохилтой. Булчин суллах, чангарлын эсрэг эм тариа хэрэглэж болно. Зогсох, алхах үед нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ортезийн хэрэгсэл хэрэглэнэ. Хөдөлгөөн засалчид хандаж дасгал эмчилгээнд хамрагдвал зүгээр.
3. Propulsive gait - Паркинсоны алхаа
Бие нь урагш болсон, алхааны урт богино, ойр ойрхон алхсан, эхлээд удаан байснаа сүүлдээ алхаа нь хурдасдаг. Настай хүмүүст тохиолдох нь элбэг. Энэ тохиолдолд тухайн хүнийг аль болох бусдаас хараат бус байдлаар амьдрахыг нь дэмжих, өөрт үйлчлэх чадварыг нь үгүй хийж болохгүй, тэнцвэр алдаж унах эрсдэл их байдаг ч гэлээ алхуулагчтай ч юм уу аль болох алхах, явах хөдөлгөөнийг нь дэмжиж байх хэрэгтэй.
4. Steppage gait- Нугасан алхаа
Энэ хэлбэрийн алхааны үед тэр талын түнхний үе хэвийн хэмжээнээс илүү дээш өргөгдөж хөлийг газраас хөндийрүүлдэг. Тэгээд газар хүрэхдээ өсгий нь биш өлмий нь эхэлж хүрдэг. Энэ алхаа нь шилбэний урд талын булчингийн саажил, архины шалтгаант неврит, тахилзуур мэдрэлийн гэмтэл, полиомиелит, даамжрах явцтай булчингийн хатингаршил зэрэг өвчний үед тохиолддог. Энэ алхааны үед өвчтөнд хангалттай сайн амралт чухал. Ядарсан үед өлмийгөөрөө шороо хутгах нь улам ихсэх талтай. За тэгээд ортезийн туслах хэрэгсэл, чиг хэрэглэх, дасгал хийх зэрэг эмчилгээг хийнэ.
Ерөнхийдөө алхааны асуудалтай хүмүүсийг үзэхдээ булчин, араг-ясны, мэдрэлийн үзлэгийг заавал хийж байх шаардлагатай. Асуумжыг сайн авах нь оношлогооны ихэнх хувийг эзэлнэ.

























